С.Гантулга: Их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажилтай холбоотой харилцааг зохицуулсан эрх зүйн журмуудыг профессор багш, алба хаагчдаас санал авч шинэчилнэ
Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн захирал, хууль зүйн доктор, дэд профессор, цагдаагийн дэд хурандаа С.Гантулгатай эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чиглэлээр ярилцлаа.
-Таны амрыг эрье. Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн 2022 онд хийхээр төлөвлөж буй ажлын талаар ярилцлагаа эхэлье?
-2022 онд манай хамт олон өмнөх жилүүдийн ололт, амжилтаа бататгаж, улам ахиулахаар төлөвлөн ажиллаж байна. Их сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг олон улсын хэмжээний хурлаас гадна улс, салбар, Их сургуулийн хэмжээнд агуулга, зохион байгуулалт сайтай, асуудалд шийдэл дэвшүүлсэн, санал-зөвлөмж боловсруулсан хурлуудыг уламжлалт бус тухайн асуудал үүсэж буй орчинд нь зохион байгуулахаар төлөвлөж байна.
Тухайлбал, Хилийн аюулгүй байдал судлалын хүрээлэнгээс Хил хамгаалах ерөнхий газартай хамтран “Хил орчмын аялал жуучлалын бүсэд улсын хил хамгаалалтыг зохион байгуулах онцлог асуудал, шийдэл” салбарын эрдэм шинжилгээний хурлыг Хилийн 0184 дүгээр ангийг түшиглэн зохион байгуулна. Мөн сүүлийн үед олон нийтийн анхаарлыг татаж, УИХ-ын түвшинд яригдаж буй “Хилийн бүс, зурваст ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажиллагаа”, “Монгол Улсын хилийн тэмдэгжүүлэлтийн өнөөгийн байдал нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хүчин зүйл болох нь” хавсарга судалгааг хийж, санал-зөвлөмжийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Хууль зүй, дотоод хэргийн яам болон бусад байгууллагад хүргүүлнэ.
Гэмт явдал, цагдаа судлалын хүрээлэн “Дотоод хэрэг, аюулгүй байдлын салбар дахь боловсрол судлалын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлыг 2 дахь жилдээ зохион байгуулах, “Зам тээврийн осол, нас баралтын шалтгаан, нөхцөл”, “Залилах гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, урьдчилан сэргийлэх арга зам”, “Цахим гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, урьдчилан сэргийлэх арга зам” хавсарга судалгааны ажлыг гүйцэтгэхээр төлөвлөсөн. Эдгээр хавсарга судалгааны ажлын сэдвийг сонгохдоо цагдаагийн байгууллагад бүртгэгдэж буй гэмт хэрэг, дуудлага мэдээллийн бүтэц, гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан байдлыг харгалзан үзсэн болно.
-Аюулгүй байдал судлалын болон бусад төвөөс ямар судалгааны ажлуудыг хийж байгаа вэ?
Аюулгүй байдал судлалын төвөөс “Монгол Улсын дотоод аюулгүй байдлын үзэл баримтлал” бодлогын баримт бичиг, “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын цагаан ном”-ыг Монгол Улсад анх удаа боловсруулж, эрх бүхий байгууллагуудад танилцуулах, “Монгол Улсын дотоод аюулгүй байдлын орчин, түүнд нөлөөлөх хүчин зүйл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах зэрэг шинэлэг ажлыг хийхээр төлөвлөж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанд “Аюулгүй байдлын мэдээллийн нэгдсэн сан”-г байгуулсан бөгөөд бидний төлөвлөж буй ажлууд энэхүү санд хүргэгдэж, төрийн бодлого боловсруулахад тус нэмэр болно гэж найдаж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын төвөөс мөн багагүй ажлуудыг төлөвлөсөн.
Тус төвөөс энэ онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран “Хоригдлыг суллахад бэлтгэхэд зориулсан хөтөлбөр” боловсруулах, “Хоригдлыг нийгэмшүүлэх онол, арга зүй”, “Монгол Улсад пробацийн тогтолцоог бий болгох боломж, шийдэл” суурь судалгааны ажил гүйцэтгэхээр төлөвлөсөн. Мөн цагдаагийн байгууллагад бүртгэгдэж буй гэмт хэргийн бүтцэд эзлэх хувийн жин хамгийн өндөр хулгайлах гэмт хэрэг үйлдэгчдийн нийтлэг төрх /хэв шинж/, сэтгэхүйн онцлогийг судлах ажлыг 1000 орчим хоригдлыг хамруулан зохион байгуулах, үр дүнг практикт нэвтрүүлэх далайцтай ажлыг зохион байгуулна.
Инновацын төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг инновацын шилдэг төсөл шалгаруулах уралдааныг зохион байгуулах, 2021 оны уралдаанд шалгарсан 3 төслийн үр дүнг практикт нэвтрүүлэх, их сургуулийн профессор багш, алба хаагчдад оюуны өмчийн эрхээ баталгаажуулахын ач холбогдол, эрх зүйн үр дагаврын талаар сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хэвлэл, редакцийн хэлтэс оюуны бүтээлд дүгнэлт гаргах ажиллагааг шуурхай зохион байгуулах, энэхүү үйл ажиллагааны талаар профессор багш, алба хаагчдад сургалт зохион байгуулах, Их сургуулийн сургалтад шаардлагатай үндсэн сурах бичгийн чанар, хүртээмжийн судалгааг хийж, судалгааны үр дүнд үндэслэн Их сургуулийн захиалгаар зарим сурах бичгийг бичүүлэх, Их сургуулийн брэндбүүкийг шинэчилж, Их сургуулийн дүр төрхийг тодорхойлох, профессор багш, алба хаагчдын оюуны бүтээлийг хэвлэх үйлдвэрт хөнгөлөлттэй үнээр хэвлэх зэрэг ажлыг төлөвлөн ажиллаж байна.
Эдгээр төлөвлөсөн ажлууд Их сургуулийн удирдлага, эрдмийн хамт олны хичээл зүтгэлээр ажил хэрэг болж, Их сургуулийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
-Та ярилцлагын өмнө зарим эрх зүйн журмыг шинэчлэх талаар хэлж байсан. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын холбоотой харилцааг зохицуулсан эрх зүйн журамд нэмэлт, өөрчлөлт оруулах, нийцлийг хангах ажлыг профессор багш, алба хаагчдаас санал авч зохион байгуулна. Энэ дашрамд профессор багш, алба хаагчдыг журамд оруулах саналаа ажлын хэсэгт ирүүлэхийг уриалж байна.