Мөс цөмөрч голд машин суусан тухай 11 удаагийн дуудлага бүртгэгджээ
Он гарсаар мөс цөмөрсөн тухай 11 удаагийн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 9 иргэний амь насыг авран хамгаалах ажиллагааг зохион байгуулжээ. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 8 дугаар багийн “Партизан” гэдэг газар Ховд голын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин голын мөс цөмөрч суусан тухай дуудлагаар өчигдөр 13.18 цагт Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, иргэн А-ын “Фургон” загварын автомашин, Б-ын “УАЗ-469” загварын суудлын автомашинуудыг татан гаргасан байна.
Мөн цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 1-ний байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөстэй, мөс эрчимтэй зузаарч байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, 2021 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-50 см нимгэн байна. Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын байгууллагаас анхааруулсаар байна.