Улсын хэмжээнд 38.1 мянган албан тушаалтан хувийн ашиг сонирхол болон хөрөнгө, орлогоо мэдүүлээд байна
Албан тушаалтнуудын 2021 оны Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг бүртгэх, хүлээн авах үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газраас улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.
Төрийн болон төрийн өмчит хуулийн этгээд 1800 гаруй салбар байгууллагаас тус газарт ирүүлсэн урьдчилсан дүнгээр мэдүүлгээ гаргавал зохих 46.8 мянган албан тушаалтнаас 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 08:40 цагийн байдлаар 38.1 мянган албан тушаалтан буюу 81.4 хувь нь мэдүүлгээ гаргаад байна.
Сангийн яам, Гадаадын иргэн, харьяатын газар, Гаалийн ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Үндэсний статистикийн хороо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Усны газар, Баянхонгор, Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Дундговь, Хэнтий, Төв, Хөвсгөл, Увс аймгуудын Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагууд ХАСХОМ гаргуулах ажлын явц 90 ба түүнээс дээш хувьтай байна.
Харин дараах нэр бүхий байгууллагад мэдүүлэг гаргах явц харьцангуй бага хувьтай байна. Тухайлбал,
- Шүүхийн ерөнхий зөвлөл,
- Эрүүл мэндийн яам,
- Төрийн худалдан авах ажиллагааны газар,
- Ашигт малтмал, газрын тосны газар,
- Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар,
- Эрчим хүчний зохицуулах хороо,
- Соёл, урлагийн газар,
- "Эрдэнэс Монгол" ХХК,
- Оюуны өмчийн газар,
- Биеийн тамир, спортын улсын хороо,
- Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар,
- Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал,
- Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар
Албан тушаалтнууд жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор Авлигатай тэмцэх газрын https://meduuleg.iaac.mn цахим хуудсаар дамжуулан мэдүүлгээ шинэчлэн гаргах үүрэгтэй тул хуулийн хугацаанд Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргахыг уриалж байна.
Хуулийн хугацаа дуусахад 7 хоног үлдлээ.