ТЦА: Хөдөө орон нутаг руу зорчих жолооч нарын техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавин ажиллаж байна
Тээврийн цагдаагийн албанаас нийслэлийн авто замын товчоодын нөхцөл байдлын талаар мэдээллийг хүргэлээ. Нийслэлээс орох, гарах хөдөлгөөнийг хаагаагүй, хэвийн үргэлжилж байна. Сар шинийн баяртай холбоотойгоор нийслэлээс орон нутгийг зорих иргэдийн хөдөлгөөн тасрахгүй байгаа аж.
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир "Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх хандлагатай байна. Цагдаагийн байгууллагаас 247 цэгт тээврийн цагдаагийн болон хэв журмын нийт 1000 орчим алба хаагч үүрэг гүйцэтгэж, иргэдийг аюулгүй зорчуулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байна. Одоогийн байдлаар нийслэлд зүүнээсээ баруун чиглэлд Баруун дөрвөн замаас Таван шарын уулзвар хүртэл хөдөлгөөний эрчим үүссэн ч таг зогсоогүй, хөдөлгөөн жигд, 20-30 км цагийн хурдтай урсаад явж байна.
Таван шараас Ханын материал, 21-р хороолол, Баянхошуу орчмын зам ачаалалтай байна. Нийслэлээс гарч байгаа хөдөлгөөн их байна. Товчоодод ажиллаж байгаа цагдаа нараас мэдээлэл авахад одоогийн байдлаар 5800 автомашин гарч, хот руу 1200 орчим тээврийн хэрэгсэл орсон байна. Ихэвчлэн гэр бүлээрээ орон нутгийг зорьж байна.
Иргэд гэр бүл болон хайртай дотнын хүмүүстэйгээ хөдөө орон нутгийг зорих тохиолдол их байна. Цагдаагийн алба хаагчид иргэдийг аюулгүй зорчуулах, тэр дундаа хүүхдийг аюулгүй тээвэрлэж буй эсэхэд хяналт тавьж, зөвлөгөө мэдээлэл өгч байна.
Цагдаагийн байгууллагаас техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж байгаа. Орон нутгийн хэмжээнд хяналт шалгалт тавьж, байнгын пост, хөдөлгөөнт эргүүлээр 100 км тутамд шалгаж, зөвлөмж өгч ажиллаж байна." гэв.
Иймд хүүхдийн аюулгүй тээвэрлэлтэд анхаарах шаардлагатай бөгөөд тээврийн хэрэгслийнхээ хурдыг зам орчиндоо тохируулж явах, гүйцэж түрүүлэх үйлдэл хориглосон нөхцөлд хийхгүй байх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, зорьсон газар руугаа тайван явахыг зөвлөлөө.