ФОТО: “Буян үйлдэгч“ хэмээх Усан бар жилийн САР ШИНИЙН БАРИЛДААН
XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан нэгдүгээр сарын 31-ний болон хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд боллоо.
Энэ удаагийн барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга П.Бүрэнтөгс, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Улсын арслан Ц.Содномдорж тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглов.
Аймгийн заан Э.Мөнхжаргал улсын гарьд М.Бадарчаар долоо давж, үзүүр түрүү булаалдахаар үлдсэн юм. Сар шинийн баярт зориулсан барилдаанд урьд нь аймгийн заан цолтой бөх үзүүр, түрүүнд үлдэж байгаагүй аж. Аймгийн заан Э.Мөнхжаргал наймын даваанд улсын заан Б.Пүрэвсайханг давж, сар шинийн барилдаанд түрүүллээ. Ийнхүү аймгийн заан цолтой бөх анх удаагаа уламжлалт сар шинийн барилдаанд түрүүлэв.