СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуугаар автомашин жолоодон өөрийн болон бусдын эрүүл мэндийг хохироожээ
Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газраас энэ оны эхний нэг сарын байдлаар замын хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 142 жолоочийн зөрчлийг илрүүлж, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан байна.
Зөрчил гаргасан 87 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 55 жолоочид Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оноожээ.
Харин он гарсаар зам тээврийн осол, хэргийн 6 гэмт хэрэг бүртгэгдэж, урьд оны мөн үеэс 50.0 хувиар өссөн байна. Зам тээврийн осол гарах гол шалтгаан согтууруулан ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, хурд хэтрүүлснээс буюу хувь хүнээс шууд хамааралтай байна.
Тухайлбал, нэгдүгээр сарын 30-ний өдрийн 19:00 цагийн үед иргэн Д согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа урд явсан тээврийн хэрэгслийг мөргөж, өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулсан.
Иймд жолооч та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол жолооны ард суухгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж аюулгүй байдлыг ханган, замын хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.