СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мөнгөн устай аарц уусан хүмүүс хордож, эмнэлэгт хүргэгджээ
Өнгөрөгч амралтын өдөр Цэргийн төв эмнэлэгт мөнгөн усанд хордсон гурван иргэн хүргэгдэн иржээ.
Тодруулбал, 8-77 насны нэг гэр бүлийн гурван хүн худалдааны төвөөс аарц худалдан авч, буцалгаж уусны дараа гүн хордлогод орсон байна.
Эх сурвалжийн мэдээлснээр тэдний худалдаанаас авсан аарцнаас мөнгөн ус ялгарсан гэнэ. Гэр бүлийн хүмүүсийг яаралтай түргэн тусламжаар Цэргийн төв эмнэлэгт хүргэж, хордлогын эмчилгээ хийсэн байгаа ба биеийн байдал тогтворжиж, өчигдөр эмнэлгээс гарчээ.
Энэхүү мэдээллийн мөрөөр Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн II хэлтэс шалгалтын ажиллагаа явуулж, хэргийн газраас мөнгөн устай гэгдэх аарц, элсэн чихэр зэргийг хураан авч, шинжилгээнд явуулжээ.
Мөн аарцны гарал үүслийг тогтоож, тухайн бодис хэрхэн хүнсний зүйлд орсныг нарийвчлан шалгаж байна.
Мөнгөн ус нь хүнсний зүйлээр дамжин хоол боловсруулах замд нэвтэрснээр амны хөндийн салст, улаан хоолой, ходоод, гэдсийг түлж, үрэвсүүлдэг. Ингэж хордсон бол огиулж бөөлжих, дотор муухайран аманд зэв төмөр амтагдаж, түлэгдсэн газрууд хүрэн улаан өнгөтэй болох ба мөнгөн ус дамжсан газар бүрт хөндүүрлэн хорсох мэт өвдөж, цустай бөөлжих, гүйлгэх байдлаар даамжирдаг. Яаралтай эрчимт болон саармагжуулах эмчилгээ хийхгүй бол хүндэрч бөөрний дутагдал, цус багадалт, гүн хордлогод орох өндөр эрсдэлтэй юм.
Иймд иргэд, сар шинийн баярын энэ өдрүүдэд иргэд задгай зах, талбайгаас хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа гарал үүслийн бичгийг шалгах, чанар, аюулгүй байдлыг харгалзан үзэж, хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхой, чанарын баталгаажилттай бүтээгдэхүүн сонгон хэрэглэхийг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.