Инфляцтай уялдуулан бүх тэтгэврийг 15% нэмэхээр төлөвлөснийг УИХ-аар хэлэлцүүлэхээр дэмжив
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2022.01.30) 12:10 минутад эхэлж, гишүүд танхимаар болон цахимаар оролцлоо.
Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар гурван асуудал хэлэлцэхээр болсныг танилцуулсны дараа Засгийн газраас 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Б.Бат-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар нар асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхэд шаардагдах 600 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тодруулахын зэрэгцээ Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах болсон шалтгаан, ахмад настны тэтгэврийг нийтэд нь 15 хувиар нэмэгдүүлж тэгшитгэх талаар судалсан эсэхийг лавлаж байлаа.
Сангийн сайд Б.Жавхлан хариултдаа, төсвийн тодотголоор ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэхдээ Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, төсвийн тусгай шаардлагуудаа өөрчлөхгүй байх зарчмыг баримталсан. Бид тэтгэврийг үе шаттайгаар нэмэгдүүлж, аравдугаар сарын 1-н гэхэд бүх тэтгэврийг 15 хувиар нэмэхээр төлөвлөсөн. Ингэж нэмэгдүүлэхэд тэтгэврийн доод хэмжээ нь 500,000 төгрөгт хүрэхгүй бол шууд 500,000 төгрөг хүргэж татах тооцоололтой байсан. Энэ шийдэл хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжихээр болж өөрчлөгдсөн тул төсвийн зохицуулалтад бага зэргийн өөрчлөлт орсон гэж байлаа. Мөн суурь тооцоолол дээр Засгийн газар 327 тэрбум төгрөгийг тусгахаар төлөвлөсөн ч энэ шийдэл хоёрдугаар сарын 1-н болж өөрчлөгдөхөөр нийт 637 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай болсон. Ингээд үлдэгдэл 310 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг олохын тулд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болсон гэж байлаа.
Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хариултдаа, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тэтгэврийн хэмжээг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлнэ гэж тусгасан. Энэ жилийн хувьд омикрон болон бусад нөхцөл байдлаас шалтгаалан инфляц 13.5 хувьтай байгаа тул тэтгэвэр, тэтгэмжийг 15 хувиар нэмэгдүүлэхээр байсан.
Бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350,000 төгрөг байгаа тул үүнийг 15 хувиар нэмбэл 368,000 төгрөг болно. Гэвч Засгийн газраас иргэдийн орлого багасаж, амьдрал нь хүндрэлтэй байгааг харгалзан бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500,000, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 400,000 төгрөгт хүргэхийн зэрэгцээ инфляцын түвшинтэй уялдуулан бүх тэтгэврийг 15 хувиар нэмэхээр шийдвэрлэсэн гэж байлаа.
Энэ үеэр тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай 310 тэрбум төгрөгийн эх үүсвэрийн асуудалд алдаа байгаа талаар гишүүд байр сууриа илэрхийлсэн. Иймд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хуулийн төслийн талаар гишүүд саналаа нэгтгэх, зарчмын зөрүүтэй саналыг боловсруулах асуудлаар намын бүлгийн хурлаар эргэж нягтлан ярилцах нь зүйтэй хэмээн үзэж, хоёр цагийн завсарлага авахаар болсныг мэдэгдэв.
Бүлгийн завсарлагааны хугацаа дууссан тул хуралдааныг үргэлжлүүлж, Засгийн газраас 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ.
Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Үүний дараа Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив.
Хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Сангийн сайд Б.Жавхлан хуулийн төслүүдийн талаарх танилцуулгадаа, коронавируст халдварт цар тахлын нөлөөгөөр дэлхий нийт сүүлийн хоёр жилийн хугацаанд эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн хүндхэн сорилтуудтай нүүр тулж байгааг, манай улсын хувьд ч эдийн засгийн хүндхэн нөхцөл байдлыг туулж байгааг дурдлаа.
Нөхцөл байдал хэдийгээр хүндхэн байгаа ч Засгийн газар санхүү, төсвийн бүхий л боломжит нөөцөө дайчилж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдээ дэмжих, эдийн засгаа сэргээх нийт 6.9 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлсэн байна. Зорилтот хүн амыг бүрэн вакцинжуулж, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлж ажлын байрыг хадгалах, бизнесийг дэмжих бодлогын үр дүн 2021 оны төсвийн гүйцэтгэлд эергээр нөлөөлснийг тэмдэглэв.
Ингээд уг хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг хийсэн талаарх бусад Байнгын хороод болон Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтээ ирүүлсэнтэй тус тус танилцав.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Ч.Хүрэлбаатар, Г.Тэмүүлэн нар асуулт асууж, санал хэлэв. Тухайлбал, Улсын их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг завсарлага авсны дараа 310 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хэрхэн томьёолж шийдвэрлэхээр болсныг тодруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн хуулийн хүрээнд оруулж байгаа энэ өөрчлөлт нь бага, болон өндөр тэтгэвэрт авдаг хүмүүст ашигтай, дундаж тэтгэвэртэй иргэдэд нэмэгдэл нь бага байгаа тул үүнийг жигдлэх талаар тодруулж байлаа. Харин Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авагчдын тоог тодруулахын зэрэгцээ 430,000, 501,000, 1,500,000 төгрөгийн тэтгэврүүд хуулийн хүрээнд хэдий хэмжээнд хүрэхийг лавласан.
Өмнө иймэрхүү байдлаар тэтгэвэр нэмэгдүүлж байсан түүхтэй. Бага тэтгэврээ ихээр нэмэгдүүлэхдээ өндөр тэтгэврийг нэмэгдүүлэхгүй эсвэл багаар нэмэгдүүлж байгаа нь тэтгэврийн үнэ цэнийг бууруулж байдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хариултдаа онцлов. Мөн тэрбээр
- хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ буюу 300,000 төгрөгийг 72,333 иргэн авдаг бөгөөд энэхүү хуулийн өөрчлөлтөөр 400,000 төгрөгт хүргэх
- бүрэн тэтгэврийн доод хэмжээ буюу 350,000 төгрөгийг 199,000 гаруй иргэн авдаг бөгөөд өргөн барьсан хуулийн төслөөр 500,000 төгрөг болох юм.
- Түүнчлэн 430,000 хүртэлх төгрөгийн тэтгэвэр авагчийг 15 мянган төгрөгөөр нэмэгдүүлээд шууд 500,000 болгож байгаа бөгөөд
- 435,000 дээш төгрөгийн тэтгэврийг 15 хувиар бүрэн нэмэгдүүлнэ гэж ойлгох шаардлагатай гэж байлаа.
- 501,000 төгрөгийн тэтгэвэр хуулийн хүрээнд 15 хувиар нэмэгдүүлэхээр 575,000,
- 1,500,000 төгрөгийн тэтгэвэр 15 хувиар нэмэгдүүлэхээр 225 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа талаар дурдав.
Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржийн асуултад хариулахдаа, 310 тэрбум төгрөгөөр Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг нэмэгдүүлсэн. 310.1 тэрбум төгрөгийг улсын төсвийн бусад зардлуудаас хасаад Нийгмийн даатгалын санд шилжүүлэхээр ярилцан шийдвэрлэж, саналын томьёоллыг бэлтгэсэн гэв.
Мөн хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллоо ирүүлсэн бусад Байнгын хороод болон Төсвийн байнгын хорооны нийт зарчмын зөрүүтэй 10 саналаар санал хураалт явуулав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, Д.Тогтохсүрэн, Б.Чойжилсүрэн, Г.Амартүвшин, Г.Тэмүүлэн нар “төсөвт тусгагдсан урсгал болон хөрөнгийн зардалд өөрчлөлт оруулахаар гаргасан саналын томьёололтой уялдуулан улсын төсөв болон Нийгмийн даатгалын сангийн төсөв, төсвийн ерөнхийлөн захирагчдын төсөвт хийгдэх өөрчлөлт, хуулийн төслийн дугаарлалт, эдийн засгийн ангилал, хэрэгжих хугацаа, төсвийн ерөнхийлөн захирагч хоорондын холбогдох өөрчлөлтийг тусгах” санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувь дэмжсэн.
Ингээд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Дэд хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.