НИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн зөвлөх Ш.Үнэнбат Хөгжлийн банканд 17 тэрбумын ЧАНАРГҮЙ зээлтэй
Хөгжлийн банк чанаргүй зээлдэгч 26 комапнийн нэрийг нийтэд зарласан. Түүнчлэн зээлээ төлөхгүй байгаа компаниудыг шүүхэд өгөхөө зарлаад байгаа юм. Тэгвэл Хөгжлийн банкнаас 16.99 тэрбум төгрөг зээлсэн үүнийгээ төлөхгүй байгаа "ЧАНАРГҮЙ ЗЭЭЛДЭГЧ" "Бармон" ХХК хэн гэдэг төрийн өндөр албан тушаалтантай холбоотой болохыг танилцуулж байна. "Бармон" ХХК нь 2019 оны 12-р сарын 23-нд Хөгжлийн банкнаас 13.8 тэрбум төгрөгийн зээл авч байжээ. Гэвч авсан зээлээ эргүүлж төлөлгүй өнөөг хүрч зээл нь 16.99 тэрбум төгрөг болоод байгаа юм.
Тус компанийн хувьд барилга угсралт, үйлдвэрлэлийг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд "Дэнжийн 100" орчимд хороолол барих зорилготойгоор зээл авч байсан гэх мэдээлэл байгаа юм. Тус компани нь Л.Шагдаррагчаа болон Ш.Үнэнбат тэргүүтэй таван хүүхдийнх нь нэр дээр бүртгэлтэй байдаг. Л.Шагдаррагчаагийн хувьд өмнө нь төрийн томоохон албан тушаал хашиж байсан тодруулбал БХБЯ-ны тэргүүн дэд сайд, сайдын зөвлөх гэх мэт албан тушаал хашиж байж ээ.
Харин түүний хүү Ш.Үнэнбатын хувьд 2005- 2011 он Бармон ХХК-д дэд захирал, 2011-2015 онд Бармон ХХК-д захирал, 2015 оноос Бармон Трейд ХХК-ны ТУЗ-ын даргаар ажиллажээ. Харин 2016- 2020 оны хооронд НИТХын тэргүүлэгчээр ажиллаж одоо НИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн зөвлөхөөр ажиллаж байгаа аж. Ш.Үнэнтбатын хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад 4.2 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх таван орон сууц, 680 саяар үнэлэгдэх үнэт эдлэл, 700 сая гаруй төгрөгийн малтай аж.