ЦЕГ: Орон байрны хулгайгаас урьдчилан сэргийлэхийг анхааруулав
Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газраас Монголын уламжлалт сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор “Сар шинэ-2022” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээг жил бүр өрнүүлдэг бөгөөд энэ удаа нэгдүгээр сарын 21-ээс хоёрдугаар сарын 6-ныг хүртэл хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байгаа тухай холбогдох албанаас танилцууллаа.
Уламжлалт сар шинийн баярыг угтаж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, яллагдагчаар татах этгээд нь тогтоогдоогүй хэргүүдийг илрүүлэх, оргон зайлсан болон гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдүүдийг олж тогтоох, хэрэг бүртгэлийн болон мөрдөн байцаалтын хэргүүдийг шуурхай шалган шийдвэрлэх, холбогдох хууль тогтоомжийг сурталчлах зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран уг арга хэмжээг өрнүүлдэг ажээ.
“Сар шинэ-2022” арга хэмжээний хүрээнд тус аймаг дахь Цагдаагийн газраас хяналт шалгалтыг эрчимжүүлэн, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд яриа таниулга хийж, үйлчилгээний газруудад зөвлөмж, сэрэмжлүүлэг байршуулан ажиллаж байгаа аж. Баяр, амралтын өдрүүдэд иргэд гэр орноо хэд хоногор эзэнгүй орхих тохиолдол их гардаг. Үүнээс үүдэн орон байрны хулгайн гэмт хэргийн гаралт нэмэгддэг тухай тус газраас мэдээлж, иргэдэд зөвлөмж хүргэлээ. Тухайлбал, -Гэр сууцаа хараа хяналтгүй орхихгүй байх, хаалга, цонхны бүрэн үтэн байдлыг хангаж, хамгаалалт хийх, -Хашаа буюу гэрийн гадна дуу чимээ мэдэрч асдаг гэрэглтүүлэг тавих, -Айл, хөрштэйгөө хулгайгаас урьдчилан сэргийлэх талаар холбоо тогтоож, гадагш явахдаа хэлж, харилцан тусалж байх, -Автомашинаа харуул, хамгаалалтгүй газар тавихгүй байх, дохиололтой болгохыг анхааруулав.