Т.Доржханд, С.Одонтуяа: Боов тараавал эрүүгийн хариуцлага хүлээдэг болгоё
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Т.Доржханд нар мэдээлэл хийлээ. Тэд УИХ-ын гишүүд иргэдэд гарын бэлэг тарааж буй байдлыг эсэргүүцэж байгаагаа илэрийлсэн юм. УИХ-ын дэд дарга М.Одонтуяа "УИХ-ын гишүүд иргэдэд бэлэг тарааж байгааг олон нийт шүүмжилж байна. "Нэг удаа бэлэг тарааж нэг хүний асуудлыг шийдэх бус нийтийн эрх ашгийн төлөө бидний тэтгэврийг нэмээч, агаар, хөрсний бохирдол, замын түгжрэлийн асуудлаа шийдээч, өрхийн бизнесийг дэмжээч, хавдрын эсрэг үйл ажиллагаануудаа эрчимжүүлээч, эмнэлэг, сургуулиа бариач" гэж иргэд ярьж байна. Сонгогчдын боловсрол ингэж дээшлэчихээд байхад бид шийдэл гаргахгүй байж болохгүй. Тиймээс УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж байна" гэлээ.
УИХ-ын гишүүн Т.Доржханд "Цагаан сараар иргэддээ хэвийн боов, гурил тараадаг байдлыг өөрчлөхгүй бол болохгүй. Энэ бол бодлого буруу байгаагийн шинж. УИХ-ын сонгуулийн тухай хуульд сонгуулийн жил эхэлснээс хойш санал хураалт явуулах өдөр хүртэл бэлэг тарахаыг хориглохоор заасан байдаг. Бусад үед нь бэлэг тараах нь нээлттэй учраас гишүүд Цагаан сарыг угтаж бэлгээ тарааж байна. 2024 оны сонгуулиас өмнө дахиад хоёр Цагаан сар байна. Тиймээс бэлэг тарааж дахин сонгогдохыг хүссэн улстөрчид бэлгээ тараасаар л байгаа юм. Үүнийг болиулж, бүх цаг үед бэлэг тараахыг хориглох, тараасан тохиолдолд нэр дэвшихийг хориглох, хуулийн хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж байна. Энэ зохицуулалтыг бүх шатны сонгуулийн хуульд оруулах саналтай байгаа. Төслөө хаврын чуулганы хугацаанд өргөн мэдүүлнэ. Боов тараадаг биш бодлого ярьдаг парламенттай баймаар байна. Бидний боловсруулж буй төслийг олон гишүүн дэмжинэ гэдэгт итгэж байна" гэв.