Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний цалин нэмэх асуудлыг хэлэлцжээ
Өчигдөр болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Цалин, нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг (Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний цалин хөлс, нэмэгдлийн тухай)-ийг хэлэлцжээ.
Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцууллаа:
-Хууль зүйн байнгын хороо гурван удаагийн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцсэн. Байнгын хорооны хуралдаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, Шүүхийн сахилгын хорооны саналыг Шүүхийн сахилгын хорооны дарга Д.Мягмарцэрэн нар танилцуулсан.
- Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд адил ажил, албан тушаал эрхэлж байгаа этгээдийн цалин хөлс ижил байх зарчим алдагдах нөхцөл үүсэж, цаашид Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүдийн цалингийн асуудлыг ижил болгоход анхаарах шаардлагатай талаар,
- Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүд шударга ёс тогтооход чухал үүрэгтэй. Хуулийг нэг мөр хэрэгжүүлж, иргэдийн хүлээлтэд хүрч ажиллахад анхаарах талаар,
- Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар Шүүхийн сахилгын хороо нь Шүүхийн ерөнхий зөвлөлтэй адил Монгол Улсын Үндсэн хуулийн байгууллагын хувьд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдтэй ангилал зэрэглэл адил байх зарчмыг дэмжихээ илэрхийлээд, цалингийн асуудлыг итгэлцүүрээр тогтоох нь зүйтэй талаар,
- Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Монгол Улсын Их Хурлаас шүүгчид, Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүдийн цалин, хангамжийг өндөр хэмжээгээр тогтоож, ёс зүй, сахилга хариуцлагатай ажиллах талаар,
- Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны гишүүдийн цалинг яаралтай шийдэх нь зүйтэй талаар тус тус санал хэлсэн.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Цалин, нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэснийг танилцуулав.
Байнгын хорооны саналаар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 63 хувь, “Цалин, нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 61 хувь нь тус тус дэмжжээ.