ТЦА: Согтуугаар жолоо барьсан 76 зөрчлийг илрүүллээ
Энэ сарын 18-нд цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1733 гомдол мэдээлэл бүртгэгджээ.
Үүнээс зөрчлийн дуудлага 1422, хулгайн 27, гэр бүлийн хүчирхийллийн 130, гэмт хэргийн шинжтэй 86 мэдээлэл байна.
Мөн согтуугаар автомашин жолоодсон 76, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж танхайрсан 113, хүний биед халдсан 56, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 87, эрүүлжүүлэх байранд хоносон 240, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 70 тохиолдол гарчээ.
Нэмж дурдахад, Жолоочийн цусны найрлагад байгаа спиртийн хэмжээнээс хамаарч согтуурлын зэргийг хөнгөн, дунд, хүнд гэж ангилдаг.
Цусан дахь спиртийн хэмжээ 0,3-0,9% байхад 7 дахин,1,0-1,4% байхад 30 дахин,1,5% дээш байвал 120 дахин золгүй байдалд орох эрсдэл нь нэмэгддэг гэж үздэг.
Хэрэв жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодвол Зөрчлийн тухай хуулийн 14.7.3.1 болон 3.2 дахь хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгсэл эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Мөн жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол Зөрчлийн тухай хуулийн 14.7.4 дэх хэсэгт заасны дагуу хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог.