Б.Жавхлан: Далд уурхайн 100 гаруй уурхайчин залуусыг хөдөлмөрт бэлтгэж, зааж сургасан

2022 оны 1 сарын 19

Arslan.mn

Зуу гаруй залуусыг уурхайчин болгосон сургагч багш”, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны “Тэргүүний ажилтан” Батцэнгэлийн Жавхлан. Javkhlan Battsengel

- Таньд энэ өдрийн мэндийг хүргэе, өөрийгөө товч танилцуулна уу.

-Сайн байна уу. Энэ өдрийн мэндийг хүргэе, намайг Батцэнгэлийн Жавхлан гэдэг. 1983 онд төрсөн, эхнэр 2 хүүгийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд амьдардаг. Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр бакалавр зэрэгтэй.

- Ажил хөдөлмөрийн анхны гараагаа хэрхэн эхэлж байснаа дурсвал

-2003 оноос ажлын анхны гараагаа Монгол РосЦветмет уулын баяжуулах үйлдвэрийн харьяа Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн уулын цехэд нэвтрэгчийн сурагчаар ажлын гараагаа эхэлж байлаа. Би өөрийгөө их азтай хүн гэж боддог. Яагаад гэвэл Монгол улсын гавьяат уурхайчин, Хөдөлмөрийн баатар Б. Түмэндэмбэрэл гэдэг хүний гар дээр бригад хамт олонд нь багтаж ажиллаж эхэлсэн. Далд уурхай гэж юу вэ, яаж аюулгүй ажиллах вэ гэдэг анхан шатны ойлголтоос эхлэн ажлын туршлагын суурь маань маш сайн тавигдаж өгсөн байгаа. За мөн тухайн үед Бор-Өндөрт маань Дархан хотын техникийн коллежийн харьяа салбар сургууль нээгдэж, анхны элсэгчдийн нэг болж, ажиллаж байх хугацаандаа суралцаж, төгссөн байгаа. Төгсөөд 2006 оноос эхлээд ээлжийн мастераар хүн удирдаж ажиллаж эхэлсэн. Бор-Өндөрт ажиллаж байх хугацаандаа нэвтрэгч, мастер, хэсгийн орлогч дарга, ХАБ мэргэжилтэн гээд олон олон ажлуудыг хийж гүйцэтгэсээр ирсэн. Бор-Өндрийн уурхайдаа 13 жил ажиллажээ.

-Наран Мандал уурхайд хэдийнээс ажиллаж эхэлсэн бэ?

- Наран Мандалын далд уурхайд 2017 онд уулын Бямбацогт инженер санал болгосноор ирж ажиллаж эхэлсэн. 2019 оны 9 сараас далд уурхайн сургагч багшаар ажиллаж эхэлсэн байгаа. Сургагч багш нь шинэ ажилтнуудыг хүлээж аваад, далд уурхайн үндсэн ойлголт, агааржуулалт, цохиул цэвэрлэгээ, өрөмдлөг, ачилт тээвэрлэлт, бэхэлгээ зэрэг бүлэг сэдэв хичээлүүдийг онолын болон дадлагын аргаар сургалтаа явуулж, шинэ ажилтнуудаа бэлтгэж, сургаж, дадлагажуулж өгдөг. Энэ хугацаанд далд уурхайн 100 гаруй уурхайчин залуусыг хөдөлмөрт бэлтгэж, зааж сургасан байна. Одоо энэхүү сайхан шавь нар маань компанийн бүтээн байгуулалтад гар бие оролцож, үр бүтээлтэй ажиллаж байгааг харах сайхан байдаг. Багшаа гээд нүд нь гялалзаад явж байгаа залуусаа харах багш хүний хамгийн том бахархал юм.

-Багшлахаас гадна олон шинэ санал санаачилга гаргасан бүтээлч хүн гэдэг, тэр талаараа дурьдвал

-Шинээр санаачилж хийсэн ажлуудаас дурдвал багш нар өөрсдийн санаачилгаар далд уурхайн макетийг гар доорх материалаар хийсэн нь шинэ хүмүүст танилцуулга хийж ойлголт өгөхөд амар байдаг, мөн уурхай дээр хүрэлцэн ирсэн гадаад дотоодын зочид төлөөлөгчид ихээр үзэж, сонирхдог. Мөн ачигч машин маяти 28, өрмийн машин техникүүдэд хийн шланк мултрахаас сэргийлсэн гинжийг өөрсдийн санаачилгаар хийснээр энэ төрлийн осол гэмтэл тэг болсон нь бидний ажлын үр дүн юм.

- Та залуустаа хандаж юу гэж хэлэх бол

-Залуучууддаа хандаж хэлэхэд ном зохиол, подкастууд их сонсож байгаарай. За мөн дасгал хөдөлгөөн их хийж байгаарай. Би дугуйн спортоор хичээллэдэг бөгөөд зав зайгаараа маш идэвхтэй дугуй унадаг. Гэр бүлийнхээ харилцааг бат бөх байлгаж, нэг нэгнээ хүндэлж, хүлээцтэй хандаж байгаарай. Аль болох архи дарснаас хол, биеэ зөв сайхан хөгжүүлж, бусдыгаа хайрлаж урамшуулж яваарай залуус аа. Наранмандалчууддаа ирэх ондоо илүү их амжилтаар угтаж, аюулгүй үр бүтээлтэй ажиллахыг уриалж, шинэ оны мэнд хүргэе.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633895
0 эможи

ЭМЭЭ
2022-01-20 08:41
ЗГ - ЫН ХЭЛЖ БУЙГААР ЭНЭ ДАЛД УУРХАЙ ГЭГЧ ЧИНЬ ХЭНД Ч ЯМАР Ч АШИГГҮЙ . УЛС ОРНЫГ ӨРӨНД ОРУУЛЖ ӨТӨНД ИДҮҮЛСЭН АЖИЛ ГЭЭ БИЗ ДЭЭ. ИЙМ ОЛОН ДАЛД УУРХАЙ БАЙХАД ЭХ ОРОН МИНЬ ЯДУУРАЛ ӨР ХОЁРООС ЯАГААД САЛАХГҮЙ БАЙНАА ОЮУНЭРДЭНЭЭ ??
keyboard_arrow_up