Б.Цогтбаатар: Мөрдөн байцаалтын удирдлага, зохион байгуулалтыг оновчтой болгоход чиглэсэн судалгааны санал боловсруулсан
Захиргааны удирдлагын газрын Хүний нөөцийн албаны дарга, хууль зүйн доктор, цагдаагийн хурандаа Б.Цогтбаатартай ярилцлаа.
-Хууль зүйн докторын зэрэг амжилттай хамгаалсанд тань баяр хүргэе. Таны судалгааны ажлаараа дэвшүүлсэн гол санаа юун тухай байсан бэ?
-Мөрдөгч, судлаач гээд 10 жилийн хөдөлмөрийн минь үр шим болсон "Ашигт малтмал хууль бусаар олборлох гэмт хэргийг нотлох ажиллагаа" сэдвээр хууль зүйн докторын зэрэг хамгааллаа. Эрдмийн ажлыг маань удирдсан хууль зүйн шинжлэх ухааны доктор Ж.Болдбаатар, хамгаалуулах зөвлөлийн дарга академич Ж.Амарсанаа, гишүүн докторууд, эрдэмтэн багш нар болон үргэлж тусалж дэмжиж байсан хамт олон, гэр бүлийнхэндээ баярлалаа. Манай сургуулийг түшиглэсэн Докторын зэрэг хамгаалуулах зөвлөл хатуу шаардлага тавьдаг, судалгааны чанарт өндөр анхаардаг, сорилт шалгуур ихтэй юм. Нөгөө талаар зөвлөн туслахдаа ч сайн, дотоод зохион байгуулалт, хариуцлага өндөр түвшинд байдгийг энэ хугацаанд бүрэн мэдэрсэн. Монголын маань бусад их сургуулиуд жишиг авмаар юм даа гэж харж, мэдэрч, үнэллээ. Тайван байхыг хичээсэн боловч олон жил улсынхаа хилд зүтгэсэн аав, ээждээ зориулж бэлтгэсэн үгээ хэлэх мөчид нүднээс баяр, уярлын нулимс мэлмэрсэн.
Миний судалгааны ажлын гол дэвшүүлсэн санаа бол гэмт хэргийн нотолгооны онолын үзэл баримтлалд тулгуурлан ашигт малтмал хууль бусаар олборлох гэмт хэрэгтэй тэмцэж ирсэн түүхэн эх сурвалж, нотлох ажиллагааны өнөөгийн байдал, энэ төрлийн гэмт хэргийн олон улсын болон дотоод дахь нөхцөл байдал, эрх зүйн зохицуулалтын онцлогийг судаллаа. Мөн дүн шинжилгээ хийх замаар нотлох ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг илрүүлж, нотолбол зохих байдлыг тогтоон, нотлох ажиллагааны онцлогийг нээн харуулснаараа онцлогтой. Ингээд криминалистикийн тодорхойлолт, мөрдөн шалгах арга зүйн зөвлөмж боловсруулж, үндэсний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход чиглэсэн бодитой санал дэвшүүлэн мөрдөн байцаалтын удирдлага, зохион байгуулалтыг оновчтой болгоход чиглэсэн судалгааны дүгнэлт, санал боловсруулсан.
-Шүүмжлэгчийн чамгүй мэтгэлцээн өрнөсөн хэсэг юу байсан бэ?
-Миний судалгааны ажлын шүүмжлэгч байгууллагаар Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль оролцсон бол шүүмжлэгч эрдэмтэн мөн МУИС-н Хууль зүйн сургуульд олон жил багшилсан хууль зүйн шинжлэх ухааны доктор Л.Баасан, хууль зүйн доктор Ж.Бямбаа нарын тэргүүлэх эрдэмтэд оролцон шүүмжээ ирүүлж чамгүй мэтгэлцээн өрнөлөө.
Энэ төрлийн гэмт хэргийг нотлоход эрүүгийн процессын мэтгэлцүүлэх, мөрдөх, холимог тогтолцоог авч үзэн судалсан хэдий ч шүүмжлэлт байр сууринаас хандаагүй бөгөөд дэлхий дахинд дурдан буй тогтолцооны үндсэн хандлага нь бидний ажилд онолын хувьд эх сурвалж болж байгааг хөндсөн хэрэг юм. Гэхдээ судлаачийн хувьд үзэхдээ гэмт хэргийг нотлоход үзэл баримтлалын хийгээд онол, философийн хувьд шүүмжлэлтэй ханддаг боловч үндсэн сэдэв рүү чирж оруулахаас зайлсхийсэн юм.
Гэтэл шүүмжлэгч “эдгээр онол үзэлд шүүмжлэлтэй хандаж чадаагүй” талаар шүүмж илэрхийлсэн учраас мэтгэлцүүлэн шүүх, мөрдөн шүүх, хосолсон системийн талаарх судлаачийн байр суурийг илэрхийлсэн нь зарим эрдэмтдийн эгдүүцсэн байр суурийг ч хөдөлгөөд авсан хэрэг юм. Ер нь сүүлийн үед мэтгэлцүүлэн шүүх онол, үзэлд хэт шүтсэн эрдэмтэд, АНУ, Английн хуулийн заалтыг манай үндэсний хууль тогтоомжид тусгах гэж их хичээж байгаагаас нийгэмд “гаж” үзэгдэл илэрч байгаа нь жишээлбэл “ял наймаалцах” явдал юм. Албан тушаал, авлигын гэмт хэрэгт ял наймаалцаж байгаагаас олон нийтийн дургүйцлийг хүргээд байгаа нь саяхны хэд хэдэн эрүүгийн хэрэгт харагдаж байна шүү дээ. Цаашлах тусам төрийн нотолгооноос илүү өмгөөлөгч нотолгоог цуглуулж хоёр тал мэтгэлцээд эхэлбэл манайх шиг хөгжиж буй оронд тааруухан үр дүнд хүргэнэ гэж үздэг.
Энэ талаар одоогоос 11 жилийн өмнө МУИС-ийн “Эрх зүй” сэтгүүлийн 2010 оны №01-д Мюнхений их сургуулийн профессор, доктор Бернд Шюнеманны бичсэн “Дэлхий дахин Америкийн Эрүүгийн процессын давамгайллын өмнө тулж ирээд байгаа нь” гэсэн нийтлэлд тодорхой дурдсан байдаг. Тэрээр “Монголын эрүүгийн процесс нь хуулийн үндсэн бүтэц, зарчмын хувьд Европын эх газрын системийн эрх зүйн зарчимтай ижил төстэй. Монгол Улсад мэтгэлцүүлэх процесс нэвтэрч орж ирээгүй, энэ нь ухралт биш эрх зүйт төрийн зарчмыг эрүүгийн процесст сахин хамгаалж буй явдал мөн” гэж тэмдэглэсэн байдаг.
-Өнөөдөр дэлхий дахинд Америкийн эрүүгийн процесс давамгайлж байна гэж тодорхойлох болжээ. Судлаач хүний хувьд энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Эрүүгийн процессын энэ Америк загвар нь эрх зүйт төрд байж боломгүй загвар шүү дээ. Америкийн энэ загварын гол цөм нь гэм бурууг хянаж шалгах шүүхийн үүргийн оронд оноох ялыг тохиролцдог асуудал байдаг. Өөрөөр хэлбэл, яллагдагчтай зөвшилцсөний үндсэн дээр ялыг тохиролцож байгаа нь эрх зүйт төрийн зарчмыг олон талаар зөрчиж буй хэрэг юм. Нэгдүгээрт, нэг талаас ялын хөнгөлөлт үзүүлж байгаа мэт боловч нөгөө талаас хэрэв яллагдагч маргалдаж буй асуудлаар процессын эрхээ эдлэхийг хүсвэл түүний ялыг хүндрүүлэх дарамт болдог. Тийм болохоор ялын тохиролцоо нь үнэнийг олж тогтоох шүүх ажиллагааны оронд цэвэр сүрдүүлэгт тулгуурладаг байна Үүнээс гадна ял шийтгэлийн хэмжээг урьдчилан тохиролцсоноор ялын бодлогыг алдагдуулж байна. Энэ нь ялыг хөнгөрүүлэх санал тавьж буй мэт боловч ялыг хүндрүүлэхээр заналхийлж байдаг.
Шюнеманн бодит үнэнийг тогтоох зарчимтай уялдуулан хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлэх асуудлыг авч үзэхдээ “Тохиролцоо бол иргэний эрх зүйд л байдаг асуудал. Яагаад гэвэл тэнд одоо хувийн эрх чөлөө, иргэний хуулийн субъект болж илэрдэг. Нэхэмжлэгч, хариуцагч 2 тохиролцож болдог заалт иргэний хуульд байдаг. Харин эрүүгийн хуульд тийм зүйл заалт байхгүй. Төрийг төлөөлж байгаа прокурорт ч байх ёсгүй зүйл. Онолын хувьд яагаад болохгүй вэ гэхээр иргэний хуулийн зарчмыг эрүүгийн хуулийн зарчимтай холиод байдаг. Зүгээр Америкийн /Англи/ эрх зүйн системийн хувьд бол энэ нэг их зөрчилддөггүй. Тэр системд эрүүгийн болон иргэний гэмт хэрэг гэж хооронд нь айхтар ялгаа байдаггүй. Үүнээс гадна практик дээр их хэрэглэх нь ноцтой буруу зүйл юм. Шүүхийн хүрээнд яллагдагчид хэрэв чи хэргээ хүлээчихвэл чамд өгөх ялыг багасгана шүү гэж прокурорын зүгээс амладаг. Тэгэхээр тэр хэрэгтэн энэ асуудлыг ингэж шийдүүлэх сонирхолтой байдаг. Асуудлыг ингээд шийдээд байхын бол хууль байх ямар хэрэг байгаа юм. Хэрэв хэрэг хийсэн бол эрүүгийн хуулиар тэдэн жил хоригдоно гэсэн заалт байсаар байтал тэр тохиролцооны дагуу шийдээд, өөр ял өгнө гэдэг чинь үнэн хэрэгтээ эрүүгийн хуулийг доромжилж байна гэсэн үг” гэж тэмдэглэсэн.
Одоогоос 15 жилийн өмнө “Монгол Улс дахь эрх зүйн шинэтгэл: Шилжилтийн үе эмхэтгэл”-д 2006 онд Германы профессор Хайнрих Шоллор “Монголын эрх зүй Германы байр сууринаас” гэсэн нийтлэл хэвлүүлсэн бөгөөд тэрээр “Монгол Улсын эрх зүйн тогтолцоо, процесст Германтай төстэй зүйл олон бий. Монголын эрх зүйн хөгжлийн уламжлалт 3 дахь, 4 дахь элемент, зарчмууд Ром-Германы эрх зүйтэй адил шинжтэй, цаашдаа холимог эрх зүйн болоод үндэсний онцлогт нийцэмгүй тогтолцоог сонгохдоо болгоомжтой, улам илүү ухаалаг, хянамгай хандах” талаар зөвлөсөн байдаг.
Судлаачийн хувьд МУИС-н ХЗС-д 2021 онд “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалтын үндсэн асуудал” сэдвээр хууль зүйн докторын зэрэг хамгаалсан Б.Бат-Оршихын диссертацдаа дэвшүүлсэн саналын 2 дугаарт эрэмбэлэгдсэн “ЭХХШХуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар зааснаас бусад гэмт хэргийг ялын төрлөөс үл шалтгаалж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж өөрчлөн найруулах” гэснийг эрс эсэргүүцдэг. Эрх зүйт төрийн онолын суурь судалгаа, Монгол Улсын эрх зүйн тогтолцооны нийцлийн судалгаагүйгээр АНУ-ын хуулийг хэт даган дуурайсан, мөчид санал гэж үзэх үндэслэл төрснийг илэрхийлэх нь зүйтэй биз ээ. ДХИС бол Эрүүгийн процессыг хэрэгжүүлэгч нарыг гол бэлтгэн гаргадаг сургууль тул энэ мэт зүйлд шүүмжлэлтэй хандаж байх нь зүйтэй юм.
-Ярилцсанд баярлалаа.