АТГ: 34 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 39 гомдол, мэдээллийг өнгөрсөн долоо хоногт хүлээн авч шалгаснаас 9 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 34 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 18 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор 16 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна.
Улсын хэмжээнд нийтийн албан тушаалтнууд ХАСХОМ-ээ шинэчлэн бүртгүүлэх ажил эхэлсэнтэй холбогдуулан “Зүүнбаян төмөр зам” ХХК, Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс, Нийслэлийн Эрүүл мэндийн газар зэрэг байгууллагын нийт 300 мэдүүлэг гаргагч нарт “ХАСХОМ мэдүүлэхэд анхаарах асуудал” сэдвээр цахим сургалт зохион байгууллаа.
Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, түүний харьяа хилийн боомт дахь албан тушаалтнуудын шилжилт хөдөлгөөнийг ХАСХОМ бүрдүүлэлт, хяналтын цахим системд шинэчлэн бүртгэж баталгаажуулах ажлыг гүйцэтгэв.