БОАЖЯ: Гялгар уут түлж, утаа гаргаж буй зөрчлийг илрүүлсэн
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, БОАЖЯ, НХМГ, “Таван Толгой Түлш” ХХК-иас нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар өнөөдөр /2022.01.17/ мэдээлэл хийв.
Тухайн мэдээллээр "НМХГ-тай хамтран хийсэн шалгалтаар түүхий нүүрс түлэхийг завдсан, түлсэн, хадгалсан болон гялгар уут түлж байсан зөрчлүүдийг илрүүлж таслан зогсоосон.
Түүнчлэн түлэх зориулалтаар хадгалж байсан 10500 кг түүхий нүүрсийг Амгалан дулааны цахилгаан станцад хүлээлгэж өгсөн" гэв.
Өнгөрөгч долоо хоногт зориулалтын бус түлээ түлж, утаа гаргаж байна гэх иргэдийн гомдол 11 бүртгэгдсэн байна. Харин угаартсан 17 дуудлага бүртгэгдсэнээс 47 иргэний бие хүнд, хөнгөн хэлбэрээр хохирч, нэг иргэн амь насаа алдсан байна.
"Таван толгой түлш" компанийн үйлдвэрийн дарга Х.Галымбек сайжруулсан шахмал түлшний технологи, үйлдвэрлэл, түгээлтийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Таван толгой түлш компанийн хоёр үйлдвэр нийтдээ 22 шугамтай. Одоогийн байдлаар 17 шугам ажиллаж байна. Гурван шугамд засвар үйлчилгээ хийж байгаа бол хоёр нь нөөц шугам юм. Өдөрт 3,400 тонн түлш үйлдвэрлэж, 600 гаруй борлуулалтын цэгээр борлуулж байгаа. Барьцалдуулагч бодис болон шуудайн нөөц хангалттай буюу энэ өвлийн хэрэгцээг хангахаар хэмжээнд байна. Түлшний үйлдвэр стандартын дагуу түлшээ үйлдвэрлэж байгаа" гэдгийг хэллээ.
Улаанбаатар хотод 2021 оны тооллогоор 195 мянган айл, түүхий нүүрс түлэх зөвшөөрөлтэй 182 яндан, миддлинг түлж буй 62 ААН, 652 мянган тээврийн хэрэгсэл болон цахилгаан дулааны станцууд жилд дунджаар 5.6 сая тонн түүхий нүүрс, 727 мянган тонн сайжруулсан шахмал түлш, мөн хүхэр өндөртэй Евро-2 стандартын шатахуун хэрэглэж байгаа нь агаарын бохирдолд нөлөө үзүүлж байгаа. Үүн дээр байгаль цаг уурын буюу инверс агаарын бохирдол нөлөөлж байдаг.
Эх сурвалж: гэрэл зургийг mpa.mn
|