Найман аймаг олон нийтийн үйл ажиллагааг хязгаарлажээ
Ковид19 халдварын омикрон хувилбарын тохиолдол дотоодод бүртгэгдэж, халдварын давалгаа эрчимжсэнтэй холбоотойгоор зарим аймаг олон нийтийн үйл ажиллагааг цуцалсан. Түүнчлэн цагаан сарыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй болохоо мэдэгдэж, хүнсний зах, худалдааний төвийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан юм.
Одоогоор цагаан сар тэмдэглэхгүй болохоо мэдэгдэж, хязгаарлалт тогтоогоод буй аймаг:
Говьсүмбэр аймаг олон нийтийн арга хэмжээг хориглов
Говьсүмбэр аймгийн Засаг дарга захирамж гаргаж Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ оны нэгдүгээр сарын 13-наас эхлэн тус аймагт олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг тодорхойгүй хугацаагаар хориглосон байна.
Баянхонгор хязгаарлалт тогтоожээ
Баянхонгор аймагт Ковид19 халдварын хоногт бүртгэгдэх тохиолдлын тоо нэмэгдсэн бөгөөд омикрон хувилбар бүртгэгдсэн. Үүнтэй холбогдуулан олон нийтийг хамарсан уулзалт, арга хэмжээг хоёрдугаар сарын 15 хүртэл хязгаарласан байна. Уг шийдвэр энэ сарын 11-нээс эхлэн хэрэгжиж буй. Түүнчлэн нутгийн хэмжээнд цагаан сарыг өргөн дэлгэр зохион байгуулахгүй болохыг аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээлсэн.
Ховдод цагаан сарын баярыг өргөн хүрээнд тэмдэглэхийг хориглов
Ховд аймгийн Онцгой комиссоос цагаан сарын баярыг өргөн хүрээнд тэмдэглэхийг хориглосон байна. Мөн олон нийтийг хамарсан арга хэмжээ, спорт, соёл урлагийн тэмцээн уралдааныг хоёрдугаар сарын 7-ний өдөр хүртэл зохион байгуулахгүй байх захирамж гаргасан байна. Түүнчлэн иргэн, ААН, төрийн байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж ажиллахыг үүрэгдсэн байна.
Увс аймагт хүнсний дэлгүүр 22.00 цаг хүртэл ажиллана
Увс аймгийн Онцгой комисс хуралдаж нэгдүгээр сарын 14-нөөс ирэх сарын 10-ыг хүртэл олон нийтийн арга хэмжээ, жагсаал, цуглаан зохион байгуулахыг хориглох шийдвэр гаргажээ. Мөн хүнсний зах, барилгын материалын дэлгүүрийг 10:00-18:00 цаг хүртэл, худалдааны төв, хүнсний дэлгүүрийг 08:00-22:00 цаг хүртэл ажиллуулах шийдвэр гаргасан байна. Цагийн хязгаарлалт зөрчсөн тохиолдолд Зөрчлийн хууль болон бусад хуулийн дагуу хатуу арга хэмжээ авах аж.
Түүнчлэн Цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэж, бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, нутгийн зөвлөлийн золголт зохион байгуулахгүй байхыг үүрэг болгожээ.
Дорнодод энэ сарын 27 хүртэл хязгаарлалт тогтоожээ
Дорнод аймгийн Онцгой комисс хуралдаж, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын болон олон нийтийг хамарсан хурал зөвлөгөөн, спорт, соёл урлагийн арга хэмжээ, аймгийн хэмжээнд шагнал гардуулах арга хэмжээг хязгаарласан байна. Хязгаарлалтын дэглэм нэгдүгээр сарын 27-ныг хүртэл мөрдөх юм.
Орхон аймаг нутгийн зөвлөлийн золголт зохион байгуулахгүй
Орхон аймаг тэмцээн уралдааныг хоёрдугаар сарын 15 хүртэлх хугацаанд зохион байгуулахгүй байхаар болжээ. Мөн цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэж, бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, нутгийн зөвлөлийн золголт зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэсэн байна. Мөн төрийн байгууллага аливаа олон нийтийг хамарсан хурал, сургалт зөвлөгөөнийг 50 хувийн дүүргэлттэй зохион байгуулахыг үүрэг болгожээ.
Завхан цагаан сарын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэнэ
Завхан аймаг нэгдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэж, цагаан сарын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриаллаа. Учир нь тус аймагт Ковид19 халдварын тохиодол цөөнгүй бүртгэгдэж байгаа бөгөөд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин 20 суманд тархаж, дэгдэлт зогсохгүй байгаа аж. Тиймээс олон нийтийн үйл ажиллагааг хязгаарлахаар болсон байна.
Дарханд цагаан сарыг айл өрхийн хэмжээнд тэмдэглэнэ
Дархан-Уул аймаг энэ сарын сарын 15-аас эхлэн тодорхойгүй хугацаагаар олон нийтийн үйл ажиллагааг хязгаарласан байна. Түүнчлэн бүх нийтийг хамарсан тэмцээн уралдааныг тодорхойгүй хугацаагаар хязгаарлах, төрийн байгууллагууд тодорхойгүй хугацаагаар нийтийг хамарсан хурал, зөвлөгөөн, семинар, сургалт зохион байгуулахгүй болжээ. Сар шинийн баярыг аймгийн хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулахгүй бөгөөд айл өрхийн хэмжээнд тэмдэглэхийг уриалжээ.