“Таван толгой түлш” компанийн цехэд гарсан галын улмаас нийлүүлэлт саатаагүй
Даваа гариг бүрийн 10.00 цагаас БОАЖЯ, ОББҮХ, НЗАА, ЦЕГ, ОБЕГ, НМХГ, ЦУОШГ, Таван Толгой түлш ХХК болон бусад холбогдох албаныхан агаарын чанарын мэдээллийг өгч буй билээ.
Энэ удаад Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газраас дараах мэдээллийг өглөө. Тодруулбал, өнөөдрийн байдлаар холбогдох цехүүдэд 21350 тонн шахмал түлшний нөөц байна. Энэ нөөцийг Цагаан сарын баяр дуустал ашиглана. Энэ долоо хоногт борлуулалтын явуулын цэгүүд ажиллана. Өндөрлөг газар бүхий, борлуулалтын цэгээс алслагдмал гаруудад явуулын цэг очно. 6098 зорилтот өрхөд долоо хоногийн хэрэглээний түлш олгоно. Энэ ажлыг нийслэлийн Халамжийн газар хэрэгжүүлнэ гэлээ.
Мөн Шадар сайдаас өгсөн даалгаварт нийт 18 ажил багтсаны 15 нь хяналт шалгалтын ажлууд аж. Иймд өнгөрсөн долоо хоногт гэр хорооллын айлууд түүхий нүүрс түлж байгаа, эсэхэд шалгалт явуулсан байна. Энэхүү шалгалтын зорилго нь галлагааны бүс материалыг ашиглаж (дугуй, хаймар гэх мэт) байгаа эсэхийг шалгажээ.
Нийслэлд түүхий нүүрс ашиглах зөвшөөрөлтэй 20 орчим байгууллага бий. Тэдний яндангийн шүүлтүүрийг мөн шалгасан байна. Гэхдээ эдгээр шалгалтын дүн мэдээг хараахан нэгтгээгүй байгааг холбогдох албаныхан энэ үеэр хэлж байлаа.
Энд нэг зүйлийг тодруулахад, айлууд таван төрлийн зуух хэрэглэж байгаа аж. Тиймээс төрөл тус бүрд зориулан айлуудад өөр өөр зөвлөмж өгөх шаардлага гарч буй. Учир нь түлш стандарт хангасан ч зуух стандартын бус байна гэв. Түүнчлэн иргэд болон модны худалдаачид модны эрэлт ихээхэн буурсан талаарх мэдээлэл холбогдох албанд ирсээр байгаа гэнэ. Нэг үгээр, иргэдийн модны хэрэглээ буурснаар зууханд ноцолт биш уугилт удаан явагдаж, утаа үүсгэж байгааг мэргэжилтнүүд онцлов.
Энэ талаар Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн “Сайжруулсан түлшний эрэлт жил бүр нэмэгдсээр байна. 2021 онд 2000 импортын зуух худалдсан нь өмнөх жилүүдийнхээс 10 дахин буурчээ. Үүнээс стандартын бус зуухны худалдаа буурсныг харж болно. Тэгэхээр иргэд цахилгаан халаагуураар дулаанаа шийдэв үү гэдгийг судалж байна.
Нийслэл ЖАЙКА-тай хамтран авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцох явцдаа хоруу чанар бүхий утаа ялгаруулж байгаа эсэхэд хяналт тавина. Ердийн зууханд болон сайжруулсан зууханд шахмал түлш түлэхэд ямар ялаа гарч байгааг судалж байна. Судалгааны дүгнэлт удахгүй гарна. Иргэд галлагааны зааврыг сайтар дагаж мөрдөх хэрэгтэй байна. Ханзархай зуухтай, ханан пийшин хагарсан бол битүүмжлэх шаардлагатай.
Нийслэлийн агарын чанарыг 15 станцын мэдээллийг нэгтгэн боловсруулдаг. Өнгөрсөн долоо хоногт Баянхошуу гэх мэт гэр хорооллын зарим газарт агаарын чанар муу байсан” гэдгиийг тодрууллаа.
Энэ үеэр Нийслэлийн цагдаагийн газраас хошууч Р.Хас-Очир дараах мэдээллийг өгөв.
Тэрбээр “Өрхүүдэд угаар мэдрэгч тараах, эвдэрсэн угаар мэдрэгчийг засах ажлууд хийлээ. Түүхий нүүрс болон агаар бохирдуулагч эд зүйлс шатаасан эсэх мэдээллийг иргэд ирүүлсэн.
Төвийн зургаан дүүрэгт утаа үүсгэгч бүхий эд зүйлс шатаасан гэх 18 дуудлага ирсэн юм. Бид шалгаж үзэхэд зөрчлийн шинжгүй байсан.
Иргэд ахуйн хүрээнд угаартах тохиолдол гарсаар байна. Нийт 8 дуудлага хүлээн авч, 27 иргэн хүнд болон хүндэвтэр байдлаар угаартсан. Тэдний тал нь хүүхдүүд байна.Нас барсан тохиолдол байхгүй. Ханан пийшинтэй, яндангаа хөөлөөгүй, яндангийн битүүмж муутайгаас угаартах тохиолдол гарсаар байна” гэлээ.
Мөн “Таван толгой түлш” компанийн борлуулалтын хэлтсийн дарга Д.Миняа “Өнгөрсөн долоо хоногт манай компанийн баруун бүсийн үйлдвэрийн нэгдүгээр цехийн хатаах төхөөрөмжид гал гарсан. Галын нөхцөл байдлыг тогтоохоор Нийслэлийн цагдаа, СХД-ийн цагдаагийн хэлтэс хамтран дүгнэлт гаргахаар ажиллаж байна. Бид нэгдүгээр цехийн нэг болон хоёрдугаар шугамыг ажиллагаанд бүрэн оруулахаар ажиллаж байна. Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 617 цэгт борлуулалт хийдэг. Галын улмаас нийлүүлэлт саатаагүй. Зүүн бүсийн үйлдвэрийн нөөцөө борлуулж байна. Дөрөвдүгээр сарын 1 хүртэл бид түлшээ 50 хувийн хямдралтай үнээр борлуулна.
Хоногт 3000 орчим тонн түлш үйлдвэрлэдэг. Баярын өдрүүдэд нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг” гэв.