ҮАГ: ТАБ-ын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журмын төслийг хэлэлцэж байна
Үндэсний аудитын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоодын аудитын газраас “Төрийн аудитын байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам, аргачлал”-ын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. ҮАГ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд оролцож, хяналт-шинжилгээ, үнэлгээний үйл ажиллагааг цахимжуулах, үнэлгээний шалгуур үзүүлэлтээ хэрхэн шинэчлэх талаар хэлэлцлээ. Төрийн аудитын байгууллага төлөвлөлт, хэрэгжилт болон тайлагналтын хяналт-шинжилгээг цахимжуулснаар төрийн байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнг шийдвэр гаргагч нар богино хугацаанд хүргэх боломж нээгдэж байгаа юм.
Энэхүү хэлэлцүүлгийн үеэр Удирдлагын академийн Удирдахуйн ухааны сургуулийн захирал, доктор, дэд профессор Я.Бямбасүрэн “Хяналт-шинжилгээ, үнэлгээний талаарх ойлголт” сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрбээр илтгэлдээ “Хяналт-шинжилгээ, үнэлгээг хянах, ярилцах, суралцах, анхааруулах гэсэн 4 дэд функцтай. Өнөөдөр Монгол Улсын төрийн байгууллага хяналт-шинжилгээ, үнэлгээний хянах гэдэг функцыг түлхүү ашиглаж байна. Энэ удаагийн хэлэлцүүлгээр ярилцах, анхааруулах, суралцах гэсэн функцыг хэрэгжүүлж эхэлсэн нь төрийн байгууллагуудыг түүчээлэх суурь тавигдаж байна хэмээн үзэж байна. ЗГХЭГ-аас Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журмыг баталж, төрийн бүх байгууллага хэрэглэж байна. Нийтлэг журмыг хэрэглэж байгаа хэдий ч тус журамд заасан хоёр аргачлалын нэг болох 6.2.2 нь субъектив үнэлгээ өгөх нөхцөлийг бүрдүүлж байгаа. Тиймээс уг субъектив үнэлгээг өөрчлөхийн тулд төрийн байгууллагуудыг бүхий л зорилт, үйл ажиллагаагаа үнэлэхдээ журмын 6.2.1-т заасан аргачлалыг ашиглах шаардлагатай байна” гэсэн юм.
Онолын түвшинд бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон байгууллагын үйл ажиллагааг үнэлэхдээ бүтцийн нэгжийн үйл ажиллагааны онцлог тус бүрээр гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг тодорхойлох аргачлалыг бий болгож байгаа нь энэ удаагийн хэлэлцүүлгийн үр дүн байлаа.