ЦЕГ: Хүн амины ноцтой гэмт хэрэг үйлдсэн этгээдийг БАРИВЧИЛЛАА
ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ХҮНД ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХЭЛТЭС НЬ ТӨВ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАРТАЙ ХАМТРАН ХҮН АМИНЫ НОЦТОЙ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ЭТГЭЭДИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ
Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах махны үйлдвэрт менежер нь зоориноосоо гадны нөлөөтэй нас барсан хэрэг гарсан билээ. Уг хэргийг ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн алба, Төв аймаг дахь цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн хэлтэстэй хамтран тс хэргийг шуурхай ажиллан илрүүлжээ.
ЦЕГ-ын ЭЦА-ны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Нямбадрал :
Энэ оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 20 цаг 58 минутад Төв аймгийн Аргалант сумын хэсгийн төлөөлөгчийн утсанд иргэн А-аас “Манай нөхөр гэртээ ирэхгүй сураггүй алга болчихлоо” гэх дуудлага мэдээлэл ирүүлсний дагуу эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулахад Аргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг махны үйлдвэрийн байрны орчмоос улаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон хувцас олдсоныг иргэн А-д таниулахад сурагггүй алга болсон гэх 55 настай Б-ийн хувцас мөн болох нь тогтоогдсон.
Эрэн сурвалжлах ажлыг үргэлжлүүлэн явуулахад махны үйлдвэрийн менежер ажилтай иргэн Б-нь мах хадгалах зоориноос гадны нөлөөтэй нас барсан байдалтай олдсон хэрэгт Төв аймгийн цагдаагийн газрын шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт мөрдөн шалгах ажиллагааг явуулсан.
Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нь Төв аймгийн цагдаагийн газартай хамтран мөрдөн шалгах ажиллагааг шуурхай зохион байгуулж тус компанийн манаач ажилтай 32 настай иргэн А нь тухайн хэргийг үйлдээд хэргийн газраас оргон зайлсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул тухайн этгээдийг шуурхай эрэн сурвалжлан ажиллаж энэ оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 07 цагт СХД-ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зочид буудлаас дайчлан баривчилж хойшлуулшгүйгээр саатуулан мөрдөн шалгах ажиллагааг Төв аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн явуулж байна.