ХХААХҮЯ 2021 ОНЫ ОНЦЛОХ АЖИЛ - ГАЗАР ТАРИАЛАН

2022 оны 1 сарын 05

ГАЗАР ТАРИАЛАН


Сүүлийн 30 жилийн хугацаанд аваагүй арвин ургац авав
Тариалангийн салбарт хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ, дэмжлэгийн үр дүнд 605.6 мянган тонн үр тариа, үүнээс 567 мянган тонн улаанбуудай, 181.5 мянган тонн төмс, 118.6 мянган тонн хүнсний ногоо, 302.5 мянган тонн тэжээлийн ургамал, 53.6 мянган тонн тосны ургамал буюу нэгжээс үр тариа 15.1 цн, хүнсний ногоо 117.9 цн, малын тэжээл 28.3 цн-ийг тус тус хураан авсан. Энэ нь 1989-1990 оны түвшинд хүрсэн үзүүлэлт бөгөөд  2020 оны ургацын дүнтэй харьцуулахад үр тариа 173.4 мянган тонноор, үүнээс улаанбуудай 155.8 мянган тонноор, тэжээлийн ургамал 130.8 мянган тонноор, тосны ургамал 32.3 мянган тонноор, хүнсний ногоо 3.6 мянган тонноор тус тус ахисан үзүүлэлт болсон юм.
Хаврын тариалалтыг дэмжих хөнгөлөлттэй зээл олголоо
“Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих 650 тэрбум төгрөг”-ийн зээлд газар тариалангийн үйлдвэрлэлд 100 тэрбум төгрөгийн зээл багтсан. Энэхүү зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу жилийн 3 хувийн хүүтэйгээр олгосон. Нийт 629 иргэн, аж ахуйн нэгж 43.3 тэрбум төгрөгийн зээл авлаа.  

Таримал ургамлын үр сортын тухай хууль батлагдлаа
Улсын Их Хурлын намрын чуулганаар “Таримал ургамлын үр сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг хэлэлцэн баталлаа.
Таримал ургамлын үр, сортын тухай хуулиар таримал ургамлын үрийн салбарын хөгжлийг дэмжих, үрийн салбарын судалгаа, шинжилгээ, инновацийг хөгжүүлэх, үрийн шударга худалдааг төлөвшүүлэх, таримал ургамлын генетикийн нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, шинэ сорт бүтээхийг дэмжих, таримал ургамлын гаралтай хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулна.


 
Улаанбуудай, тэжээлийн таримлын үрийн шинэчлэл хийв

-Хаврын тариалалтад зориулан нийтдээ 10.2 мянган тонн улаанбуудайн үрийн нөөц бүрдүүлж, Засгийн газрын 2021 оны 142 дүгээр тогтоолоор үнийг нь 30 хувиар хөнгөлөн, зээлийн дэмжлэг үзүүлснээр улаанбуудайн үрийн шинэчлэлийг бүрэн хийж хаврын тариалалтыг технологийн хугацаанд хийх боломжоор хангалаа.
-1161 тонн улаанбуудайн элит үрийг 20 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгож, үр үржүүлэх бодлогын гэрээг байгуулан ажилласны үр дүнд 1 дүгээр үржүүлгийн чанарын шаардлага хангасан улаанбуудайн 9.0 мянган тонн үрийг Хөдөө аж ахуйг дэмжих санд хүлээн авав.
-Овьёосны “Корифей” сортын элит үр 244 тонныг 13 аж ахуйн нэгжид Засгийн газрын 142 дугаар тогтоолыг үндэслэн 50 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр намрын ургацаас үрийг 1,6 дахин үржүүлэн буцаан тушаах бодлогын гэрээг байгуулан олгосны үр дүнд Хөдөө аж ахуйг дэмжих санд анх удаа овьёосны 390 тонн 1 дүгээр үржүүлгийн үрийн нөөцтэй боллоо.


 
Гаалийн албан татварыг хөнгөлж, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөллөө

Гаалийн албан татварыг хөнгөлөх болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр батлуулан хэрэгжүүлснээр импортоор нийлүүлэгдэж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны болон хүлэмжийн тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодис зэрэг бараа бүтээгдэхүүний импортоос урьдчилсан байдлаар 21.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн дүнтэй байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633670
0 эможи

keyboard_arrow_up