ЦЕГ: БНХАУ-ын иргэний дээрэмдүүлсэн 1,23 тэрбум төгрөгөөс 848 саяыг нь олсон, үлдсэн мөнгийг хайж байна
Өчигдөр /2022.01.03/ Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Ривер гарден” хотхонд оршин суудаг гадаадын иргэн халдлагад өртөж, 1.2 тэрбум төгрөгөө дээрэмдүүллээ гэх хэрэг гарсан.
Иймд цагдаагийн алба хаагчид шуурхай шалгаж, 24 цагийн дотор хэрэг үйлдсэн этгээдүүдийг тогтоож, баривчилсан байгаа юм. Тэгвэл энэ талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.
Энэ сарын 3-нд нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Ривер гарден” хотхонд оршин суух гадаад улсын иргэн халдлагад өртөж, 1.2 тэрбум төгрөгөө дээрэмдүүлсэн талаарх гомдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Шалгалтын ажиллагааны дүнд тухайн гэмт хэргийг үйлдсэн байж 24-38 насны нэг эмэгтэй, дөрвөн эрэгтэйг олж тогтоон, хэрэг үйлдэхэд ашигласан авто машин, цүнхтэй мөнгийг эд мөрийн баримтаар хураан авчээ. Тус хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Хэргийн газраас алдагдсан 1.1 тэрбум төгрөгөөс 848 сая төгрөгийг эд мөрийн баримтаар хураан авч, шалгалтын ажил үргэлжилж байна. Үлдсэн мөнгийг эрэн сурвалжилж байна.
“Хохирогчийн хэлж байгаа мөнгөн дүнг эцэслэн тогтоох, алдагдсан бусад мөнгийг хайх ажиллагаа үргэлжлээд явна” гэж ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү мэдээллээ.