Байгаль, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаарх ойлголт, эрх зүйн орчин ба прокурорын хяналт

2021 оны 12 сарын 28

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Эрдэнийн БОЛОР-ЭРДЭНЭ

ОРШИЛ.

Байгаль орчинтойгоо зохицох, хамт хөгжих шаардлага нь онолын төдийгүй практикийн чухал асуудал бөгөөд аливаа нэг орныг, эсхүл хэсэг улс орныг хамран шийдвэрлэгдэх асуудал биш харин нийт хүн төрөлхтний хувь заяаны тулгуур үндэс юм. Гэвч байгаль орчинтой зүй бус хандсаны улмаас нөхөж баршгүй хохирол амссан улс орнууд цөөнгүй байх тул бидний өнөөгийн соёл иргэншлийн хөгжил нь байгаль дэлхийтэй уялдаа холбоотойгоор зохицон орших ёстойг улам бүр ухаарсаар байна.

Дэлхийн улс орнуудын дотор байгаль орчноо унаган төрхөөр нь хадгалж байгаа орны нэг бол Монгол Улс бөгөөд бид эртнээс мал аж ахуй эрхлэн, нүүдэллэн амьдарч ирсэн түүх соёлтой ард түмэн билээ.

Нүүдлийн соёлын гол онцлог нь хүн байгальтайгаа шүтэн зохицож, байгаль дэлхий, уул ус, ан амьтан, газар шорооны онгон байдлыг хадгалж, хайрлан хамгаалах арвин их соёл, өв уламжлал, ёс заншил юм.

Харин сүүлийн 100 жил гаруй нүүдэлчин ард түмэн суурин соёл иргэншилд шилжиж нийгмийн харилцаанд оролцож эхэлснээр аж ахуйн болон соёл, шинжлэх ухаан, техник технологийн томоохон өөрчлөлтүүд бий болох эхлэл болсон байна.

Гэвч техник технологи хөгжихийн сацуу хүний сөрөг, буруутай үйл ажиллагааны улмаас хүрээлэн буй орчин болох гол горхи, нуур цөөрөм ширгэж, малын бэлчээр талхлагдаж хомстон, ой ангийн үлэмж баялаг ихээр сүйтгэгдэж буй асуудалд хууль сахиулах хүчний байгууллагуудаас тавих хяналтыг сайжруулан, хүрээлэн буй орчинд учруулсан хохирлыг хариуцвал зохих этгээдээр нь бүрэн төлүүлж байх хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх, байгаль орчны холбогдолтой гэмт хэргийн эрүүгийн хариуцлагыг чангатгах чиглэлээр төрийн захиргааны байгууллагууд болон олон улсын хөгжлийн туслалцааны байгууллагууд, төрийн бус нийгэмлэгүүд нь уялдаа холбоотой ажиллаж, байгаль орчныг зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх талаар үндэсний болон олон улсын төслүүдийг хэрэгжүүлэх нь нэн чухал асуудал болоод байна.

Дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлснээр байгаль орчныг бохирдохоос урьдчилан сэргийлэх, байгалийн баялгийг жам ёсоороо нөхөн сэргэх, түүний баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх ажилд нэн тэргүүний ач холбогдолтой бөгөөд гагцхүү төр захиргааны байгууллага гэлтгүй ард иргэд нийтийн бэлэнчлэх сэтгэлгээг халж, гар бие оролцуулах, газар шороогоо хайрлан хамгаалах сэтгэлгээг хөгжүүлэн, тэдгээрээс үүсэлтэй санал санаачилга, үйл ажиллагааг дэмжиж хамтдаа хийж, хэрэгжүүлэх нь чухал юм.

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИН:

Эртний үе:

Их эзэн Чингис хаан мөрдүүлэн гаргасан “Их засаг хууль” нь 1206-1260 оны хооронд хэрэглэгдэж байсан Монголын анхны бичмэл хууль бөгөөд уг хуулинд байгаль орчинтой холбоотой заалтууд багагүй орсон байдаг. Тухайлбал: “Хөрс шороог алдаж, өвс бэлчээрийг хохируулахыг хориглоно”, “Гал алдаж түймэр гаргаваас гэр орноор нь цаазалсугай”, “Газар дээр сүү болон бусад цагаан идээг асгаж болохгүй”, “Хэн усанд болон үнсэнд шээвэл цаазлагтун”, “Хотон дотор шээхийг цээрлэгтун зөрчвөл даруй цаазлагтун”, “Хавар зуны улиралд өдрөөр усанд орох, гол мөрөнд гараа угаах, алт мөнгөн саваар ус татах, хээр усанд хувцас угааж хатаахыг хориглоно” гэжээ.

“Их юаны нэвтэрхий хууль”-д “Хубилай хааны захиргааны бүх газар нутагт ан амьтан үржих төллөх үед ямар ч хан, ван, ноёд, сайд, ер нь хэн хүн бүх төрлийн ан амьтан авлахыг хориглоно. Хэрэв зөрчвөл хатуу цээрлүүл” гэжээ. Тухай үед хүн ам, мал сүргийг байгалийн гамшгаас хамгаалах асуудлыг төрийн бодлогын төвшинд тавьж ямар сард тэнгэр эхэлж дуугарах, салхи шуурга хэзээ болох, газар хөдлөх, ширүүн бороо орох, өвчин тахал гарах, үхэл зовлон тохиолдохыг урьдаас мэргэ төлгөөр хэлдэг олон зурхайч нар байжээ.

“Алтан хааны цаазын бичиг”-т (ХVI зуун): “Хэн хүн хулан тахийг хамаа бусаар алваас буруутай этгээдийг морь тэргүүтэй 5 малаар”, “Хандгай зээрийг алваас тэрхүү буруутай этгээдийг хонь тэргүүтэй 5 малаар”, “Хэн, янгир, хүдэр алсан хүнийг ямаа тэргүүтэй 5 малаар”, “Буга согоо, бодон гахай албаас үхэр тэргүүтэй 5 малаар”, “Илбэнх, дорго, тарвагыг алвал хонь тэргүүтэй 5 малаар тус тус торго” гэжээ.

Байгаль хамгаалах асуудлын хүрээнд бэлчээр, газар нутгийг түймрийн аюулаас хамгаалах, ан амьтан, ангийн арьс үс зэргийг зохистой ашиглаж хамгаалах, зарим загас шувууг агнаж олборлохыг хуульчлан зааж байжээ.

“Дөчин дөрвөн хоёрын их цааз” (1640 он)-д: Нүүсэн айл нутагтаа гал цог үлдээлгүй, бүрэн унтрааж байхыг хуульчилсан.

Гал түймэр унтраахад оролцон тусалсан буюу гал усны аюулаас хүний амь аварсан хүнийг 5 толгой малаар шагнах журмыг хуульчилсан.

“Халх журам” (XVIII зуун)-д: ХIII-XIX зууны үеийн Монголын хууль цаазын эх сурвалжуудаас энэ журам хамгийн их судлагдсан юм. Хот суурин газрын ногоон бүсийн дотор ой мод огтлох, ан агнахыг хориглосон төдийгүй ногоон бүсийн харуул хамгаалалт хяналт, шалгалтын ажилтнуудыг томилон ажиллуулах тухай хуульчлан тогтоож өгсөн.

Хүрээ зассан газраа хүрээнээс дотогш хуурай нойтон аль чиг мод огтлохгүй, Хүрээний заахаас гадагш гарвал нойтон мод огтлохгүй. Нялх янзага, могой, мэлхий, ангир,  болжмор эдгээр амьтдыг алахыг хуульчлан хориглосон. Усыг зөв зохистой эзэмших, худаг, булаг, шанд, горхи зэрэг ус гаргасан,  тохижуулсан эзнийг эзэмших эрхийг хуульчлан тогтоож өгсөн байна.

Ой хээрийн түймэртэй тэмцэх, түймрээс хамгаалах хууль цаазын уламжлалыг улам нарийвчлан баяжуулан, түймэр гаргасан тохиолдолд нийтэд зарлан мэдээлэх, дайчилгаа явуулах, түймэр тавьсан буруутай этгээдийг тогтоох, хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг анх удаа хуульчилсан.

Орон нутгийн эрх баригчид үзэсгэлэнт сайхан газар, уул, ус, нуурыг онголон хамгаалж байх эрхийг олгож төрийн хуулиар хүндэтгэн хамгаалж байх асуудлыг хуульчилсан.

Энэ хуулиар байгаль хамгаалах асуудлыг өмнөх хуулиудаас илүү өргөн хүрээгээр хамарч, олон чухал асуудлыг хуульчлан зааж өгсөн байдаг. Монголчуудын байгаль хамгаалалтын түүхэнд газрыг хөрсөн дээрх баялагийг хамгаалахаас гадна газрын хөрсөн доорх баялгийг хамгаалж байжээ. XVIII зууны үед Халх нутгийн баруун зах болон баруун өмнөд нутагт (хэсэгт) орших алт төмрийн ордуудыг хятадууд хулгай аргаар малтан амин хувьд завших явдлыг зогсоон цагдан хянах хэргийг байнга эрхлэх албаны “Алтан харуул”, “Төмрийн харуул” гэдэг цагдаа өрхийг халхын олон хошуун гэдэг цагдаа өрхийг халхын олон хошуунаас томилон доорхи нутагт суулгаж байжээ.

Орчин үе:

1. Монгол Улс 1992 онд баталсан ардчилсан үндсэн хуулиараа Монгол улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж заасан. Төрөөс хүний амьдрах эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх ажлын хүрээнд байгаль орчныг хамгаалах талаар бодлого, төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлж ирсний зэрэгцээ дэлхийн бусад улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, шинэлэг нээлт, нэгдсэн шийдвэртэй хөл нийлүүлэн хөгжих зорилго тавьж олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөж батлагдсан гэрээ, конвенцуудыг соёрхон баталж, нэгдэж ороод байна.

Монгол Улс 1993 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр НҮБ-ын Биологийн төрөл зүйлийн тухай суурь конвенцод анх нэгдэж орсноос эхлэн одоогоор нийт 11 конвенц, 3 протоколыг соёрхон баталж, тэдгээрийн албан ёсны “Оролцогч тал” болсон байна. Ингэснээр конвенцуудын оролцогч талуудын ээлжит бага хурлуудад тогтмол идэвхтэй оролцож, гаргасан шийдвэрүүдийг тухай бүрд нь дотоодын бодлого, төлөвлөлтдөө тусгах ажлыг зохион байгуулж, конвенцын нарийн бичгийн дарга нарын газарт конвенцын хэрэгжилтийн талаарх тайланг цаг тухайд нь хүргүүлж, байнгын холбоотой ажилласаар ирсэн.

Нэгдэж орсон олон улсын олон талт гэрээ конвенцуудыг дурдвал: НҮБ-ын суурь буюу Риогийн 3 конвенц болох Биологийн төрөл зүйл, Цөлжилттэй тэмцэх, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенц, мөн Озоны давхаргыг хамгаалах тухай, химийн 3 конвенц болох Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стокгольмын конвенц, Аюултай хог хаягдлыг хил дамнуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих тухай Базелийн конвенц, Аюултай зарим химийн бодис болон пестицидийг олон улсын хэмжээнд худалдаалахад хэрэглэх, урьдчилан мэдээлж зөвшилцөх журмын тухай Роттердамын конвенц болон Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц /САЙТИС/, Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах Боннын конвенц, Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай конвенц /РАМСАР/-д тус тус нэгдэн оржээ. Хамгийн сүүлд 2002 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Далайн халим агнуурыг зохицуулах конвенцод нэгдэн ороод байна.

Мөн Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалын протокол, Биологийн төрөл зүйлийн тухай конвенцын био аюулгүй байдлын тухай Картагений протокол, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Киотогийн протоколуудад нэгдэн орсон.

2. Манай  улсад “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийг 1995 оны 3 дугаар сарын 30-ны өдөр батлан мөн оныхоо 6 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн бөгөөд 5 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Үүнд: • 2005 оны 11 дүгээр сарын 18-ны, • 2006 оны 6 дугаар сарын 29-ны, • 2006 оны 12 дугаар сарын 22-ны, • 2008 оны 01 дүгээр сарын 31-ний, • 2010 оны 7 дугаар сарын 8-ны өдөр тус тус нэмэлт өөрчлөлтийг оруулснаас гадна 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр шинэчлэн найруулж баталсан байдаг.

“Байгаль орчныг хамгаалах тухай” хуульд байгаль орчинд учруулсан хохирол, түүнийг нөхөн төлөхтэй холбоотой асуудлыг дараах байдлаар томьёолон тодорхойлсон байна. Үүнд:

- "Байгаль орчинд хортой нөлөөлөх"

- “Байгаль орчинд учруулсан хохирол”

- ”Байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр”

- Байгаль орчны чадавхын хэм хэмжээг “Хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах, байгаль орчныг хамгаалах зорилгоор байгаль орчинд гаргах хортой, аюултай бодисын агууламж, үзүүлэх сөрөг нөлөөллийн түвшний хэм хэмжээ гэж тодорхойлон дараах үзүүлэлтээр тогтооно гэжээ.

Үүнд: • Агаар, ус, хөрсөн дэх хими, биологийн хортой аюултай бодисын хэм хэмжээ; • Байгаль орчинд хаяж болох хортой, аюултай бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ; • Чимээ, шуугиан, чичиргээ, цахилгаан соронзон талбай болон физикийн бусад хортой нөлөөллийн хэм хэмжээ; • Цацраг идэвхжлийн хэм хэмжээ; • Газар тариалан, бэлчээр хамгаалахад хэрэглэх агрохимийн бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ; • Хүнсний бүтээгдэхүүн дэх химийн бодисын зөвшөөрөх дээд агууламж; • Байгаль орчны даацын болон нөөцийн ашиглалтын зөвшөөрөгдөх дээд хэмжээ  зэрэг бөгөөд биологийн аюултай бодис, хортой болон аюултай бодисын хэмжээ, чимээ, дуу шуугиан, цахилгаан соронзон талбайн хортой нөлөө болон цацрагийн идэвхжлийн хэмжээ, байгаль орчны даац болон нөөцийн ашиглалтын зөвшөөрөгдөх дээд хэмжээг стандартчиллын байгууллага тогтоохоор заасан байна.

“Байгаль орчныг хамгаалах тухай” хуульд байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээг хэтрүүлэн байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчинд учруулсан хохирлыг өөрөө арилгах буюу мэргэжлийн байгууллагаар арилгуулж гарсан зардлыг нөхөн төлөх үүргийг тус хуулийн 49 дүгээр зүйлд “Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөх” асуудлыг зохицуулсан. “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь хүрээлэн буй орчинд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх үүрэгтэй. Хуульд байгаль орчинд учруулсан хохирлыг дараах байдлаар ангилахаар заасан нь хариуцагч байгаль орчны аль хэсэгт хохирол учруулсныг тухайлан үнэлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна. Үүнд: • ойн санд учруулсан хохирол; • амьтанд учруулсан хохирол; • ургамалд учруулсан хохирол; • усны нөөцөд учруулсан хохирол; • газарт учруулсан хохирол; • газрын хэвлийд учруулсан хохирол; • хөрсөнд учруулсан хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулж, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсгийн 1-5 дахь заалтад заасан хохирлын нөхөн төлбөрийг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологийн засгийн үнэлгээг үндэслэн тогтооно:

• Ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр; • Амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр; • Ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр; • Усны нөөцөд учирсан хохирлыг тухайн сав газрын усны экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр; • Газарт учирсан хохирлыг тухайн ангиллын газрын экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр.

Харин “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсгийн 6, 7 дахь заалтад заасан хохирлыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тогтоосон хэмжээг үндэслэн тогтооно.

Байгаль орчинд учирсан хохирлыг байгаль орчны нөлөөллийн үнэлгээний эрх авсан мэргэжлийн байгууллагаар хөлсийг төлж тооцуулах бөгөөд хохирол тооцсон ажлын зардлыг нөхөн төлбөрт нэмж тооцохоор хуульд заасан байна. Нөхөн төлбөрийг ногдуулсан байгаль орчны хяналтын улсын байцаагч ажлын 14 хоногт багтаан тухайн төлбөрийг барагдуулах үүрэгтэй бөгөөд уг хугацаанд барагдуулаагүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагуудад хүргүүлж, хэрэгжилтийг хангуулна. “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 57 дүгээр зүйлд “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хууль бус үйл ажиллагаагаараа байгаль орчин, түүний баялагт учруулсан шууд хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирол учирсны улмаас байгаль орчны алдагдсан тэнцлийг болон байгалийн баялгийг нөхөн сэргээх, хүн амыг нүүлгэх, мал, амьтныг тухайн нутаг дэвсгэрээс шилжүүлэхэд гарсан зардлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр сум, дүүргийн Засаг дарга шүүхэд нэхэмжлэл гаргана.” гэж зааснаар байгаль орчны хяналтын улсын байцаагчийн ногдуулсан нөхөн төлбөрийг сум дүүргийн Засаг дарга нэхэмжилнэ. “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх бол хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр мөн хуулийн 58 дугаар зүйлд заасан байна.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шинэчлэн найруулсан байна. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд зааснаар энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс гадна гэм буруутай үйлдэл болон эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог байна.

Харин энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж мөн тус хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй.

Эрүүгийн хууль нь ерөнхий ба тусгай анги гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Ерөнхий ангид эрүүгийн хариуцлагын үндэслэл, хэмжээ, ял хэрэглэх, ялаас чөлөөлөх журам, нийтлэг зарчим, ойлголтыг тодорхойлдог. Тусгай ангид тодорхой төрлийн гэмт хэргийн шинж, түүнд тогтоосон ялын хэм хэмжээг тодорхойлдог. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцож, хохирлын хэмжээг доор дурдсанаар ойлгоно.” гэж тусгасан байдаг. Үүнд: “Их хэмжээний хохирол” гэж тавин сая төгрөг, түүнээс дээш хэмжээг; • “Үлэмж хэмжээний хохирол” гэж арван сая төгрөг, түүнээс дээш хэмжээг; • “Бага хэмжээний хохирол” гэж гурван зуун мянган төгрөг, түүнээс доош хэмжээг тус тус хэлнэ гэжээ.

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн харилцааг Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт зохицуулсан бөгөөд энэ нь байгаль орчны журмын эсрэг гэмт хэргийн зохицуулалт мөн бөгөөд дээрх ангилалд хамаатуулан авч үзвэл байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрүүд нь ихэнх тохиолдолд “үлэмж хэмжээний хохирол”, түүнээс дээш түвшинд үнэлэгдэх нөхцөлтэй болно. Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт зааснаар байгаль орчны эсрэг гэмт хэргүүдэд эрүүгийн дараах хариуцлагыг ногдуулдаг байна. Тухайлбал:

• Байгаль орчныг бохирдуулсан бол таван сая дөрвөн зуун мянгаас хорин долоон сая төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

• Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлосон бол таван сая дөрвөн зуун мянгаас хорин долоон сая төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

• Нөхөн сэргээлтийн ажлыг зохих журмын дагуу хийгээгүйн улмаас байгаль орчинд ноцтой хохирол учирсан бол арван саяас дөчин сая төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

• Хууль бусаар ан агнах, барих, гаршуулах, үржүүлэхэд таван сая дөрвөн зуун мянгаас хорин долоон сая төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Агнасан, барьсан ан нь нэн ховор амьтан бол арван саяас дөчин сая төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

• Хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх, худалдан авсан бол дөрвөн зуун тавин мянгаас таван сая дөрвөн зуун мянган төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах.

• Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван сая дөрвөн зуун мянгаас хорин долоон сая төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

• Байгалийн тэнцэл алдагдуулах, амьтан, ургамлын зүйлийг зөвшөөрөлгүйгээр гэмтээсэн, устгасан, газар, газрын хэвлий, агаар мандал, усны нөөцийг хордуулсан, бусад хэлбэрээр экологийн тогтолцоог алдагдуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Байгаль орчны гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдэд хүлээлгэх торгуулийн хариуцлага нь 24-50 дахин нэмэгдэх нөхцөлийг хуульд зааж өгсөн байна.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд гэмт хэргийн дараах 2 түвшинг тодорхойлсон байдаг ба байгаль орчны эсрэг гэмт хэргүүдэд ногдуулах хариуцлагын байдлаар авч үзвэл хөнгөн гэмт хэрэгт хамаарах нөхцөл нэн бага байна. Үүнд:

• Хөнгөн гэмт хэрэг. Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ

• Хүнд гэмт хэрэг. Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ.

Харин ОХУ-ын Эрүүгийн хуульд гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанараас хамаарч хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд гэмт хэрэг гэж дөрвөн түвшинд хуваасан байгаа нь манайхаас ялгаатай байна.

Хөнгөн гэмт хэрэг. Эрүүгийн хуульд санаатай болон болгоомжгүй үйлдлийн улмаас хорих ялын дээд хэмжээ гурван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон.

- Хүндэвтэр гэмт хэрэг. Эрүүгийн хуульд санаатай үйлдлийн хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл болгоомжгүй үйлдлийн улмаас хорих ялын дээд хэмжээг арван жил хүртэл хугацаагаар оногдуулахаар тогтоосон.

- Хүнд гэмт хэрэгт. Эрүүгийн хуульд  санаатай үйлдлийн гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээг арван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл болгоомжгүй үйлдлийн улмаас хорих ялын дээд хэмжээг арван таван жил хүртэл хугацаагаар оногдуулахаар тогтоосон.

- Онц хүнд.  Эрүүгийн хуульд  санаатай үйлдлийн гэмт хэргийн хорих ялын доод хэмжээг арван жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэрэг.

 Зөрчлийн тухай хууль

Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог зохицуулахаар Зөрчлийн тухай хуулийг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн даган мөрдөж эхэлсэн.

Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар бүлэгт “Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчил”-ийн тухай харилцааг зохицуулсан бөгөөд байгаль орчинд учруулсан хохирлыг тооцуулж, нөхөн төлүүлэх тохиолдлуудыг байгаль орчны багц хуулийн хүрээнд авч үзсэн байдаг.

“Агаарын тухай” хууль зөрчиж агаарын чанарт сөргөөр нөлөөлж байгаа өөрийн үйл ажиллагааны тухай мэдээлэл, озон задалдаг бодис, түүнийг орлуулах бусад бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийн импорт, үйлдвэрлэлийн тухай мэдээлэл, агаарын бохирдлын эх үүсвэрийн тухай мэдээлэл, агаарт гаргасан бохирдуулах бодисын агууламж, хаягдлын хэмжээ, дотоод хяналтын мэдээг тогтоосон хугацаанд мэдээлээгүй; зориуд буруу мэдээлсэн; нуун дарагдуулсан, эсхүл хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулахаар заасан байна.

Амьтны тухай” хууль зөрчсөн дараах тохиолдлуудад учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж болно. Үүнд:

• Хугацаа дууссан гэрээ, зөвшөөрлөөр, эсхүл гэрээ, зөвшөөрөлгүйгээр амьтныг ашигласан; барьсан; агнасан бол

• Амьтныг ашиглах, барих, агнах зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн;

• Ан агнах, загас барих гэрээ, тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийг бусдад шилжүүлсэн, гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн ан агнасан, барьсан, зохих гэрээ байгуулахгүйгээр үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнасан, барьсан;

• Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан;

• Агнуурын амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан;

• Амьтныг зөвшөөрөлгүйгээр нутагшуулсан болон

• Харь амьтныг зөвшөөрөлгүйгээр нутагшуулсан бол.

“Байгалийн ургамлын тухай” хууль зөрчиж ургамлыг түүж бэлтгэх журам зөрчсөн, эсхүл ахуйн зориулалтаар ашиглахаар түүж бэлтгэсэн ургамлыг үйлдвэрлэлийн түүхий эд болгон ашигласан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах” нөхцөлтэй бол хуулийг дараах байдлаар зөрчихөд энэ хуулийн дагуу хариуцлага тооцдог байна. Үүнд:

• 3охих зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвшөөрөлд заасан хугацаа, хэмжээ, ургамал түүж бэлтгэх журам зөрчиж:

o байгалийн ховор ургамлыг ахуйн хэрэгцээнд;

o элбэг ургамлыг үйлдвэрлэлийн түүхий эд болгон ашиглах, орлого олох зорилгоор түүсэн, бэлтгэсэн, худалдсан;

• Байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах ач холбогдолтой нутаг дэвсгэр, бэлчээр, хадлангийн газар, мал тэжээх зориулалтаар ашиглахыг хориглосон газар үйлдвэрлэлийн зориулалтаар ургамал түүж бэлтгэсэн, эсхүл мал бэлчээсэн;

• Харь ургамлыг зөвшөөрөлгүйгээр байгальд тарималжуулсан, эсхүл гадаад улсаас оруулсан;

Хувь хүнийг нэг зуун мянгаас таван зуун мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг таван саяас нэг сая таван зуун мянган төгрөгөөр торгоно.

“Ойн тухай” хууль зөрчиж зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг бэлтгэсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах бөгөөд хуульд заасан бусад зөрчилд “Зөрчлийн тухай” хуульд заасан торгуулийн арга хэмжээг авна.

“Ашигт малтмалын тухай” хууль зөрчсөн дараах тохиолдлуудад учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулах нөхцөлтэй байна. Үүнд:

• Тусгай зөвшөөрөл эзэмшигч олборлосон ашигт малтмалын хэмжээг нуун дарагдуулсан, эсхүл энэ зорилгоор хуурамч гэрээ байгуулсан, эсхүл үндэслэлгүй бага үнээр борлуулж борлуулалтын орлогыг санаатайгаар бууруулсан;

• Ашигт малтмалын балансын нөөцийг зохистой ашиглах шаардлагыг зөрчсөн, эсхүл олборлох үед ашигт малтмалын хаягдал, бохирдлыг тогтоосон хэм хэмжээнээс хэтрүүлсэн;

“Ашигт малтмалын тухай” хууль зөрчсөн бусад тохиолдлуудад “Зөрчлийн тухай” хуульд заасан торгуулийн хариуцлагыг хүлээлгэнэ.

 “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай” хуулийг зөрчсөн дараах тохиолдлуудад учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах нөхцөлтэй. Үүнд:

• Тусгай зөвшөөрөлгүй хүн, хуулийн этгээд:

o түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийсэн;

o түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон, эсхүл борлуулсан;

o ашигт малтмалын орд ашигласан;

• Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуульд заасан нийтлэг үүргийг биелүүлээгүй бол

Тайлбар: Энэ зүйлд заасан зөрчлийг үйлдсэн бол эрх бүхий улсын байцаагч тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагааг хоёр сар хүртэл хугацаагаар зогсоох ба энэ хугацаанд зөрчлийг засаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг энэ хуульд заасны дагуу цуцлах тухай асуудлыг тухайн тусгай зөвшөөрлийн талбай оршиж байгаа аймаг, нийслэлийн эрх бүхий албан тушаалтанд гаргана.

“Газрын тосны тухай” хууль зөрчсөн дараах тохиолдлуудад учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах нөхцөлтэй. Үүнд:

• Хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулахыг хориглосон, хязгаарласан газар нутагт газрын тосны хайгуул, эсхүл олборлолтын үйл ажиллагаа явуулсан;

• Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч олборлолтын туршилтын хугацааг хэтрүүлж олборлолт явуулсан;

• Тусгай зөвшөөрөл эзэмшигч олборлосон газрын тосны хэмжээг нуун дарагдуулсан, эсхүл хөрөнгө оруулалтын зардлыг зохиомлоор өсгөсөн, эсхүл энэхүү зорилгоор хуурамч гэрээ байгуулсан, эсхүл үндэслэлгүй бага үнээр борлуулж борлуулалтын орлогыг санаатайгаар бууруулсан, эсхүл бууруулахыг завдсан;

• Хайгуулын ажлын дээж, сорьц, чулуун дээж, анхдагч материалыг үрэгдүүлсэн, эсхүл устгасан;

• Тусгай зөвшөөрөл эзэмшигч үйл ажиллагаандаа:

o зөвшөөрөлгүйгээр химийн хорт бодис, бэлдмэл хэрэглэсэн;

o хуулиар хориглосон химийн хорт бодис, бэлдмэл хэрэглэсэн;

o химийн хорт бодис, бэлдмэлийг хэрэглэхдээ тогтоосон технологийн горим, дүрэм, журмыг дагаж мөрдөөгүй бол.

“Усны тухай” хууль зөрчсөн дараах тохиолдлуудад учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах нөхцөлтэй. Үүнд:

• Хуульд заасны дагуу:

o усыг зөвшөөрөл авснаас өөр зориулалтаар ашигласан;

o цооног өрөмдөх зөвшөөрөлгүйгээр газрын доорх усыг ашигласан;

o ус ашиглахад тавигдах нөхцөлийг хангуулахаар төрийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй;

o ус ашиглагчийн үүрэг, тавигдах шаардлагыг биелүүлээгүй;

o усны эх үүсвэрийн онцгой, эсхүл энгийн хамгаалалтын бүс, эсхүл эрүүл ахуйн бүсийн дэглэмийг зөрчсөн;

o ашиглаж дууссан цооногоо битүүмжилж хүлээлгэн өгөөгүй бол

• Ус ашиглах зөвшөөрлийг бусдад худалдсан, эсхүл бусдад шилжүүлсэн, эсхүл усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр, эсхүл гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн ашигласан;

• Усны эх, ундаргын онцгой хамгаалалтын бүсэд хориглосон үйл ажиллагаа явуулсан;

• Гол, мөрний урсцын байгалийн үндсэн голдирлыг өөрчилсөн;

• Рашааны эх үүсвэрийн хамгаалалтын бүс, хязгаарлалтын бүс, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг зөрчсөн, эсхүл эдгээр бүсэд хориглосон үйл ажиллагаа явуулсан;

• Рашааныг:

o гэрээ, эсхүл зөвшөөрөлгүй ашигласан;

o горимын хэмжээнээс хэтрүүлэн гэрээгүйгээр ашигласан;

o зориулалтыг дур мэдэн өөрчилсөн;

• Усны сан бүхий газарт хог хаягдал хаясан, эсхүл машин техник, бохир зүйл угаасан, эсхүл усны нөөцийг бохирдохоос хамгаалах үүргээ биелүүлээгүй;

• Ус ашигласны төлбөрийг хугацаанд нь төлөөгүй.

“Ус бохирдуулсны төлбөрийн тухай” хууль зөрчсөн дараах тохиолдлуудад учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах нөхцөлтэй. Үүнд:

• Ус бохирдуулагчийн тухай болон хаягдал усны хэмжээ, найрлага, бохирдуулах бодисын тухай мэдээллийг нуун дарагдуулсан, эсхүл худал мэдээлэл өгсөн;

• Зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвшөөрөлгүй цэгт хаягдал ус нийлүүлсэн;

• Ус бохирдуулсны төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол.

Тусгай хамгаалалттай газар нутагт хориглосон үйл ажиллагаа явуулсан дараах тохиолдлуудад учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах нөхцөлтэй. Үүнд:

• Тусгай хамгаалалттай газар нутагт:

o хууль, захиргааны хэм хэмжээний акт, стандарт, дэглэм, горим зөрчсөн;

o менежментийн төлөвлөгөөнд тусгагдаагүй үйл ажиллагаа явуулсан;

• Тусгай хамгаалалттай газар нутагт хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол.

ПРОКУРОРЫН ХЯНАЛТ.

Байгаль орчин, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилд  тавих прокурорын хяналтын чиг үүрэг нь нэн тэргүүнд 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр баталсан Прокурорын тухай хуулиар тогтоосон байна. Прокурор нь дээрх хуулиудыг нэг мөр хэрэглэх, хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалан хараат бус, бие даан хяналт тавьж ажилладаг бөгөөд Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт зохицуулсан “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг”-ийн харилцаа, Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан “Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчил”-ийн тухай харилцаанд прокурор дараах хяналт тавина:

- хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрх бүхий байгууллага, албан тушаалтан гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шалгах, шийдвэрлэх ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэх;

- хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж байгаа эсэх;

- хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад хуулийг зөв хэрэглэж байгаа эсэх;

- хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөөг хангаж байгаа эсэх;

- эрх хязгаарлах арга хэмжээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж байгаа эсэх;

- эрх бүхий албан тушаалтан албадлагын арга хэмжээг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэглэж байгаа эсэх.

Мөн прокурор гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг бүртгэх, эрүүгийн болон зөрчлийн хэрэгт дугаар олгох, хяналтын харьяаллыг тогтоох, эрх бүхий албан тушаалтнаас авсан албадлагын арга хэмжээг хүчингүй болгох, эрүүгийн болон зөрчлийн хэрэг бүртгэлттэй холбоотой гомдол, хүсэлтийг шийдвэрлэж хуульд заасан бусад хэлбэрээр хяналт тавьж ажиллана.

Эрүүгийн болон зөрчлийн хэрэг шүүхээр хянан шийдвэрлэхэд прокурор төрийн нэрийн өмнөөс оролцоно.

Прокурор байгаль, хүрээлэн буй орчны эсрэг үйлдэл, эс үйлдэхүйн улмаас төрийн болон нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцон шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана.

Прокурорын байгууллагын гол зорилго нь байгаль орчин, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил илрүүлэх, үйлдэж буй шалтгаан нөхцөлийг тогтоож урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах. Дээрх төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, түүнийг арилгах арга хэлбэр, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тухайн хуулийн этгээд, албан тушаалтнаас авч хэрэгжүүлж болох арга хэмжээ зохих ажлын талаар прокурорын мэдэгдэл бичэн. Харин мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй.

2020 онд бүртгэгдсэн хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гомдол, мэдээллийн нөхцөл байдал.

Прокурорын байгууллагаас “Хүрээлэн байгаа орчны эсрэг” нийт 1282 хэрэгт хяналт тавьж ажилласан нь өмнөх оноос 37 хувиар өссөн байна. Мөн өнгөрсөн  онд ”Хүрээлэн байгаа орчны эсрэг” 559 хэрэгт мөрдөн байцаалт явуулсан. Үүнээс 492 хэрэг буюу 88 хувийг шүүхэд шилжүүлсэн нь өмнөх оноос 5.6 хувиар өссөн тоон үзүүлэлт юм. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргээс 577 хүнд холбогдох 399 хэргийг эцэслэн шийдвэрлэсэн.

Хяналт тавьж ажилласан “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг”-ийн 44.5 хувийг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, 36.1 хувийг хууль бусаар мод бэлтгэх, 11.7 хувийг хууль бусаар ан агнах хэрэг тус тус эзэлж байна.

Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах байгууллага, албан тушаалтан.

Монгол Улсын Засгийн газрын гуравдугаар тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/09 дүгээр тушаалаар 2020 оны 03 дугаар сарын тогтоолоор хүрээлэн буй орчныг хамгаалах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд Экологийн цагдаагийн албыг байгуулж, уг албанд захиргааны хэлтэс, эрүүгийн цагдаагийн хэлтэс, мөрдөн шалгах хэлтэс, зөрчил хянан шалгах хэлтэс, урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтэс гэсэн таван хэлтэс, 21 аймаг, 65 суманд нийт 170 экологийн цагдаагийн алба хаагчид ажиллаж  байна.

Тус албан нь Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт зохицуулсан “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг”-т хуульд заасан хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаах ажиллагааг  прокурорын зөвшөөрлөөр, эсхүл мөрдөгч бие даан явуулдаг.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10 дахь хэсэгт зааснаар Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан зөрчлийг мэргэжлийн хяналтын улсын байцаагч зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулна.

Улсын мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхай хяналтын газар нь байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг төрийн бодлог, олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэх, мэргэжлийн удирдлагаар хангах, салбарын боловсон хүчний мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх, мэргэжлийн хяналтын болон байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын салбарын хууль, тогтоомж, үндэсний стандарт, дүрэм, журмыг боловсронгуй болгоход бүх талын дэмжлэг үзүүлэх ажлыг зохицуулах, хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэг хүлээнэ. Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын газар нь экологийн тэнцэл алдагдах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх, геологи, уул уурхай үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагаа болон иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах таатай орчныг бий болгох, аливаа сөрөг нөлөөлөл, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хяналт шалгалтыг олон улсын жишигт нийцүүлэн хэрэгжүүлэх, бодлогын удирдамжаар хангах, салбарын хяналтын бодлого, стратеги, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөл боловсруулах ажлыг мэргэжлийн хяналтын нэгдсэн тогтолцоо, стратеги, төлөвлөлт, зарчимд нийцүүлэн мөрдөхөд чиглэсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

ДҮГНЭЛТ.

Манай улс орны хувьд хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг нь нийт байгаль, хүрээлэн буй орчны гэмт хэргийн 44.5 хувь, хууль бусаар мод бэлтгэх нь 36.1 хувь, хууль бусаар ан агнах 11.7 хувь тус тус эзэлж жил бүр тогтмол үйлдэгдэж нэмэгдсээр байна. Мөн 2016 оноос байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх болон ой, хээрийн түймэр тавих гэмт хэрэг шинээр үйлдэгдэж байна. Байгаль орчныг хамгаалах журмын эсрэг гэмт хэргийн улмаас учирсан хохирол жилээс жилд нэмэгдсээр байна.

Иймд прокуророос жил бүр тогтмол үйлдэгдэж буй гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг нарийвчлан судалж хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, прокуроруудыг энэ чиглэлийн гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд мэргэшүүлэх шаардлагатай.

Мөн дээрх төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс дан ганц хууль хяналтын байгууллага тэмцэх бус иргэн бүр мэдээлэгч байж, гарах үр дагавар хүн бидний хийсэн буруу үйлдлээс болж дахин сэргээгдхээргүй байгаль эх минь устгагдаж байна гэх ойлголт өгөх зорилгоор гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх дорвитой арга хэмжээ авч, ард иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээ, мэдээллээр хангах төлөвлөгөө гаргаж ажиллах нь иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоо чухал юм.

Монгол Улс, ОХУ-ын хооронд 1999 онд байгуулсан “Эрх зүйн туслалцаа үзүүлэх, иргэний ба эрүүгийн хэргийн талаарх эрх зүйн харилцааны тухай” гэрээний хүрээнд хоёр улсын Ерөнхий прокурорын газрууд харилцан эрх зүйн туслалцаа үзүүлж ирсэн бөгөөд хоёр улсын хооронд байгуулсан хоёр талт олон улсын болон байгууллага хоорондын гэрээ, хэлэлцээрүүдийн хүрээнд  байгаль, хүрээлэн буй орчныг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээрх хоёр улсын хамтын ажиллагааг явуулж байгаа хэдий ч хамтын ажиллагааны цар хүрээг улам нэмэгдүүлж, хил орчмын бүс нутгийн харилцан мэдээлэл солилцох, үйл ажиллагааны уялдааг сайжруулах, шуурхай арга хэмжээ авах нөхцөлийг бүрдүүлэх шаардлага улам нэмэгдсээр байна.

НОМ ЗҮЙ:

1. Монгол улсын “Үндсэн хууль” 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр. 

2. Монгол улсын “Эрүүгийн хууль” 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр.

3. Монгол улсын “Зөрчлийн тухай хууль” 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр.

4. Монгол улсын “Байгаль орчныг хамгаалах тухай хууль” 1995 оны 3 дугаар сарын 30-ны өдөр.

5. “Прокурорын тухай хууль” 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр.

6. “Төрийн хяналт шалгалтын тухай хууль” 2003 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр.

7. “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралт, хяналт шалгалт” “Өглөөний сонин” 35 дугаар, 2021 он Улаанбаатар хот.

8. “Төрийн мэдээлэл” сэтгүүл / тусгай дугаар 2004-2007 он /.

9. Монгол улсын Засгийн газрын 76 дугаар тогтоол, 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр.

10. “Монгол орны хотуудын хүрээлэн буй орчин” Ч.Сономдагва, МУИС Пресс хэвлэлийн газар, 2019 он Улаанбаатар хот

11. “Байгал орчин, геологи, уул уурхай хяналтад хүний эрх, хууль дээдлэх зарчмыг хангах” мэргэжлийн хяналтын ерөнхий газар, нэгдсэн үндэстний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, гарын авлага, 2019 он Улаанбаатар хот.

12. “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлалыг ашиглах” Мэргэжлийн хяналтын газар, байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоо ТББ, нэгдсэн үндэстний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, 2018 он Улаанбаатар хот.

13. “Байгаль орчныг хамгаалах Монгол зан заншил, хууль цааз” О.Амархүү, 2000 он Улаанбаатар хот.

14. “Монголын тахилгат газар нутаг: өв уламжлал, үнэ цэнэ” Н.Уртнасан, А.Дүүрэнжаргал, 2007 он Улаанбаатар хот.

15. “Монголын тахилга шүтлэг газар нутаг” ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс, 2011 он Улаанбаатар.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633574
2 эможи

keyboard_arrow_up