23 голомтод 9517 толгой мал шүлхий өвчнөөр өвчилжээ
2021.12.25-ны байдлаар Хөвсгөл аймгийн хэмжээнд 12 сумын 23 голомтод 9517 толгой мал малын гоц халдварт шүлхий өвчнөөр өвчлөөд байгаа бөгөөд Аймгийн засаг даргын 2021.12.05-ны өдрийн А/604 дугаартай “Хорио цээр хязгаарлалтын дэглэм тогтоох тухай” захирамж гарч Монгол улсын засгийн газрын 2018 оны 266-р тогтоол, Мал эмнэлгийн ерөнхий газарын даргын А/187-р тушаалаар батлагдсан “Шүлхий өвчинтэй тэмцэх заавар”-ын дагуу гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Хөвсгөл аймагт оношлогдсон шүлхий өвчний анхны тохиолдол Бүрэнтогтох сумын Сангийн далай багт 2021.12.02-нд бүртгэгдэж байсан бол өнөөдрийн байдлаар 12 сумын нутагт тархаж, өвчилсөн малын тоо 9517 хүрсэн нь тухайн өвчний халдвар маш хурдан тархаж байгааг харуулж байна.
Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин нь олон улсын худалдааны хорио цээрт өвчин бөгөөд өвчлөл гарсан бүс нутгийн мал, мах, арьс, шир, ноос, ноолуур, сүү, цагаан идээг экспортод гаргах, зах зээлд нийлүүлэх асуудал бүрэн зогсдог тул цаашид халдварын тархалтыг нэмэгдүүлэхгүй байх, шинээр голомт үүсгэхгүй байхын тулд орон нутгийн удирдлагууд, мал эмнэлгийн эмч мэргэжилтнүүд, малчид, мал бүхий иргэд шат шатандаа дараах урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг оновчтой хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүнд:
-Орон нутгийн удирдлагууд сумынхаа мэдрэмтгий мал амьтныг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд Монгол улсын мал амьтны эрүүл мэндийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх
– Мэдрэмтгий эрүүл мал амьтдыг үзлэг, тандалтанд хамруулж, хяналтад авах
-Эрсдэлтэй цэгүүдэд халдваргүйтгэлийн арга хэмжээ зохион байгуулах, хүн мал, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавих
-Гоц халдварт шүлхий өвчний тухай, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар иргэд, малчдад мэдээлэл, сэрэмжлүүлэг, зөвлөмжийг байнга хүргүүлэх
-Сумын Мал эмнэлгийн тасаг, Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, мэргэжилтнүүд орон нутгийн удирдлагуудыг мэдээ, мэдээллээр хангах, шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлэх ажлын саналыг Сумын онцгой комисст хүргүүлэн гарсан шийдвэрийг үр дүнтэй хэрэгжүүлэх
-Малчид, мал бүхий иргэд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд заасан үүргээ биелүүлэх, мал сүрэгтээ ажиглалт, тандалт хийж, байнгын хариулга, маллагаатай байлгах
-Мал сүрэгт шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд холбогдох байгууллага, албан тушаалтанд яаралтай мэдэгдэх
-Орон нутгийн иргэд, малчид шилжилт хөдөлгөөнөө хязгаарлах, онцын шаардлагагүй бол эрсдэлтэй бүс нутгаар явахгүй байж мал сүргээ гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай байгааг Мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулж байна