Хотын захиргааг нүүлгэхэд Зэвсэгт хүчний дүйцүүлэх албаны алба хаагчдыг дайчилж байна
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны есдүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн ИТХ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, түүний харьяа алба агентлагуудыг энэ ондоо багтан Яармагт баригдсан шинэ барилга өөд нүүх үүргийг өгсөн билээ. Засгийн газраас өгсөн үүргийн дагуу хотын захиргааныхан өнөөдрөөс нүүж эхэллээ.
Ковид-19 цар тахлын халдвараас шалтгаалан өнгөрсөн зургадугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Яармаг дахь хотын захиргааны барилгад 145 хүн нэгэн зэрэг хүлээн авч үйлчлэх Яаралтай тусламжийн түр төв байгуулан ажиллаж байсан юм. Ковид-19-ийн халдвар хумигдсантай холбогдуулан тусламжийн төвийг буулгаж, тус байранд ариутгал халдваргүйжүүлэлт хийн, бага хэмжээний засвар үйлчилгээ хийж, хотын захиргааныхан нүүхэд бэлэн болгожээ. Тиймээс өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотын хотын Захирагчийн ажлын алба, Хангарди ордноос нүүдэллэж эхлээд байна.
Нийслэл хотын төв хэсэг Их,Бага тойруу, тэр дундаа Сүхбаатарын талбай тойроод авто замын түгжрэл үүсдэг. Түгжрэл нэмэгдүүлж буй нэг шалтгаанд төрийн захиргааны барилга, байгууламж нь хотын төвд, нэг дор төвлөрсөнтэй холбоотой гэсэн судалгаа гарсан. Тиймээс хотын захиргааг, тэр дундаа иргэдэд үйлчилдэг салбар, нэгжүүдийг эхний ээлжинд нүүлгэхээр төлөвлөжээ. Нүүлгэн шилжүүлэлтийг үе шаттайгаар зохион байгуулна.
Өнөөдрийн тухайд Нийслэлийн төр захиргааны II байр буюу Хангарди ордонд байрлаж буй Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар гэсэн хоёр агентлагийг нүүлгэж байна. Нүүлгэх ажилд НЗДТГ-ын Цэргийн штаб, Зэвсэгт хүчний цэргийн ангийн дүйцүүлэх албаны алба хаагчдыг дайчлан ажиллуулж буй ажээ. Аль болохоор үйлчлүүлж буй иргэдэд хүндрэл учруулахгүйгээр нүүдлийг зохион байгуулж буй юм.
Яармагт баригдаж буй хотын захиргааны барилга нь А, В, С гэсэн гурван блокоос бүрдэх нийт 68 мянган мкв талбай бүхий барилга юм. Нүүдэллэж буй агентлагууд А блокт төвхнөнө.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС