ЧУУЛГАН: УИХ-ын гишүүд ёс бус үг хэлэх, бусдын нэр төрийг гутаахыг хориглоно
УИХ-ын өнөөдрийн /2021.12.23/ үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүн 2021.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авах гишүүн байсангүй. Тиймээс байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй санал тус бүр дээр санал хурааж байна.
Уг тогтоолын төсөлд УИХ-ын гишүүн өвчтэй, эсвэл өвчтэй хүн асарсан бол эмнэлгийн магадлагаа, гадаад дотоодод албан томилолтоор явсан бол томилолтын хуудсыг гишүүний Ажлын алба, УИХ-ын Тамгын газарт хүргүүлнэ гэж заажээ. Түүнчлэн чуулганы нэгдсэн хуралдааны дэг зөрчиж, байр сууриа илэрхийлэхдээ ёс бус үг хэлж, бусдын нэр төрийг гутаахыг хориглохоор тусгасан байна. Үүнээс гадна УИХ-ын гишүүн нь гэр бүлийн гишүүнээ төрийн байгууллагын ажил, албан тушаалд томилохыг санал болгохыг хориглоно. Хэлэлцэж байгаа асуудал нь ашиг сонирхлын зөрчил үүсэхээр бол хуралдаанд даргалагчид хэлж, сайн дураараа хурлыг орхин гарна гэж заасан байна.