Бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 3.7 хувиар нэмэгдсэн байна
Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хурлаар салбар зөвлөлийн энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэв.
Хурлын эхэнд салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба зөвлөлийн энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг танилцуулсан юм. Энэ онд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг сахиулахаар цагдаагийн удирдах газарт 224, тээврийн цагдаагийн албанд олон нийтийн 32 цагдааг томилсон байна.
Мөн эрх зүйн орчныг сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт, судалгаа, сурталчилгааны ажлуудыг хийж, тоног төхөөрөмж, техник технологийн хангалтыг дээрх байгууллагад үзүүлэв. Тухайлбал, тээврийн цагдаагийн албанд тусгай тоноглол бүхий хөдөлгөөнт эргүүлийн 8 авто машин, этилийн спиртийн агууламжийг мэдэрдэг согтуурал зайнаас тандагч драгер төхөөрөмж 30, явуулын ажлын байр 1, замын хөдөлгөөнд хяналт тавих зорилгоор 55 ширхэг GPS төхөөрөмжийн зардлыг шийдэн тээврийн хэрэгслүүдэд суурилуулжээ.
ТЦА-ны Замын цагдаагийн дарга, цагдаагийн хурандаа С.Жавхлантбаатар өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад зам тээврийн ослын тоо багассаныг мэдээлэв. Тухайлбал, энэ төрлийн осол, хэргээс үүдэн амь насаа алдах тохиолдол 14 хувиар багассан бол гэмтэж бэртсэн хүний тоо 6.6 хувиар багассан аж.