Унгарын Засгийн газрын тэтгэлгээр жил бүр 200 оюутан суралцуулна

2021 оны 12 сарын 23

Arslan.mn

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2021.12.22) Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, монголч эрдэмтэн, хатагтай Борбала Анна Обрушански-г хүлээн авч уулзлаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Унгар Улсаас манай улсад монголч эрдэмтэн, туршлагтай дипломатч томилогдсонд баяртай байгаагаа илэрхийлж, Унгар Улсын Элчин сайдын яамнаас 33 ширхэг амьсгалын аппаратыг нийслэл болон хөдөө орон нутгийн эмнэлгүүдэд хандивласанд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлэв.

Элчин сайд, хатагтай Борбала Анна Обрушански Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Унгар Улсын Засгийн газрын тэтгэлгээр Монгол Улсаас жил бүр 200 оюутан суралцуулах оюутны сонгон шалгаруулалт зарласныг дуулгаж, хөдөө орон нутаг болон нийслэлийн оюутан залуусыг хамрагдахыг уриалав. Тэрбээр, орон нутгаас Унгар Улсын ижил төстэй аймагтай ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосон, мөн шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг танилцуулав. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булшны археологийн судалгаа” төсөл амжилттай хэрэгжиж, олдворын ДНК-гийн шинжилгээ Унгарт хийгдэж байна гэлээ. Түүнчлэн, кино урлагийн салбарт Бат хааны тухай уран сайхны кино, мөн Хүннү гүрний тухай баримтат кино хийж байгааг дуулгав.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ тухай сонсоход таатай байна гээд боловсролын салбар нь манай хоёр улсын харилцааны тэргүүлэх чиглэл болохыг тэмдэглэж, монголын олон зуун залуучууд Унгар Улсад суралцан мэргэжлийн боловсон хүчин болон бэлтгэгдэж, эх орныхоо бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулж байгааг онцлов. Мөн соёлын салбар, тэр дундаа кино урлагийн чиглэлийн хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байна. Унгарын сайн туршлагыг нэвтрүүлэх, энэ чиглэлээрх хамтын ажиллагааг бэхжүүлэх сонирхолтой байна гэв. Түүнчлэн, хоёр орны улс төрийн харилцаа өндөр түвшинд бэхжиж, уламжлалт сайн харилцаатай Унгар Улсыг бид чухал түнш хэмээн үздэг. Харин хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх сонирхолтой байна. Сүүлийн жилүүдэд хоёр улсын хоорондын худалдааны эргэлт 50 хүртэл хувиар нэмэгдсэн нь хатагтай Борбала Анна Обрушански-гийн хүчин чармайлт болохыг онцолж, талархал илэрхийлэхийн сацуу энэ бол манай хоёр улсын харилцааны чухал хэсэг болохыг тэмдэглэв.

Талууд олон улсын тавцан дахь хоёр улсын хамтын ажиллагаа, хөдөө аж ахуй, ноос, ноолуур болон спортын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов. Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эрхэмсэг хатагтай, монголч эрдэмтэн Борбала Анна Обрушански-г монгол судлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлээд “Монголын нууц товчоон”-ы хөрвүүлэг, судлалыг шинэ шатанд гаргасан цогц бүтээл болох “Монголын Нууц Товчоон: иж судалгаа” бүтээлийг дурсгалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633457
0 эможи

keyboard_arrow_up