Барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн форум-2021“ эхэллээ

2021 оны 11 сарын 24

Arslan.mn

“Барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн форум 2021” арга хэмжээний хүрээнд өнөөдөр /2021.11.24/ “Барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн форум“ болж байна.

Форумыг нээж Барилга, хот байгуулалтын Дэд сайд Э.Золбоо үг хэлж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх ажлуудын талаар мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, УИХ-ын үйлдвэржилтийн байнгын хорооны гишүүн Д.Өнөрболор нар форумын эхэнд үг хэлж, барилгын салбарын бодлого, хууль эрх зүйн орчинтой холбоотой асуудлыг хөндлөө.

Өнөөдрийн форумд Барилгын салбарын төр, хувийн хэвшлийн төлөөллүүд салбарын асуудлуудыг танилцуулж, илтгэлүүдийг нээлттэй хэлэлцүүлж байна.

Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа энэ үеэр сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ "Монголд үйлдвэрлэж байгаа барилгын материал үйлдвэрлэгчдийн ханган нийлүүлэлтийн форм болж байна. Манай улсын тээвэр ложистик, хил гаалийн гацалт зэрэг олон асуудлаас шалтгаалж импортын барилгын материалын үнэ огцом өссөн үзүүлэлттэй байна. Харин Монголдоо үйлдвэрлэгдсэн барилгын материалын үнэ дээд тал нь 4 хувь өссөн буюу харьцангуй үнэ нь тогтвортой байна. Тиймээс Монголд Улсын Засгийн газар, Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв барилгын материалын дотоодын үйлдвэрүүдээ дэмжих, шинэ үйлдвэрүүдийг бий болгох чиглэлд анхаарч ажиллаж байна" гэв.

БХБЯ-ны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг “Барилгын материалын үйлдвэрлэлд баримталж буй бодлого, “Барилгын материал үйлдвэрлэгчдийн улсын зөвлөгөөн-2020”-ын биелэлт, үр дүн” сэдвээр илтгэл тавилаа.

Тэрбээр “Бодлогын "Алсын хараа 2050” баримт бичигт Монгол Улс барилгын материалаа дотоодоосоо ханган ажиллах зорилтууд тусгагдсан байдгийг мэдээллийнхээ эхэнд онцолсон. Мөн Төрөөс барилгын салбарт баримтлах бодлогын баримт бичиг 2019 онд батлагдсан байдаг.

Монгол Улс барилгын материалын хэрэгцээнийхээ 38 хувийг дотоодоос хангаж байгаа. Үлдсэн хувийг импортоор авч байна.

Засгийн газрын Мөрийн хөтөлбөрт цемент, арматур, хавтгай шил гэсэн нэр бүхий барилгын материалын дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар тусгасан. Энэ хүрээнд мэдээлэл өгөхөд, арматурын 15 үйлдвэр Монгол Улсад байна. Эдгээр үйлдвэрүүдийн суурилагдсан хүчин чадал 450 мянган тонн байдаг. Үйлдвэрүүдийн хүчин чадал өндөр мөртлөө дотоодоо хангаж чадахгүй байгаа нь хаягдал төмрөөс ган туйван үйлдвэрлэж байгаатай холбоотой. Цементийн таван үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Ховд аймагт зургаа дахь үйлдвэр ашиглалтад орно" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633443
0 эможи

keyboard_arrow_up