Барилгын салбарын ХАБЭА-н сургагч багш нарыг бэлтгэх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж дууслаа
Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага “ЖАЙКА” нь Монгол Улсын Засгийн газартай хамтран 2017 оноос “Барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хугацаа 2022 оны нэгдүгээр сар хүртэл үргэлжлэх юм.
Төслийн хүрээнд, ХАБЭА-н сургагч багш бэлтгэх курс сургалтыг өнгөрсөн нэг жилийн хугацаанд холбогдох төр захиргааны байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгуулж дууссан байна. Сургалтыг, ХНХ-ийн Сайдын А/370-р тушаалаар батлагдсан журамд нийцүүлэн, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мөчлөг, барилгын талбайн зохион байгуулалт, аюулгүй ажиллагаа, өндрийн аюулгүй ажиллагаа, насанд хүрэгчдийн сургалтын онцлог, заах арга зүй гэсэн нийт 96 цагийн хичээлийн хөтөлбөртэй хэрэгжүүлж байгаагаас гадна Япон улсын ХАБЭА-н тэргүүн туршлагаас хослуулан боловсруулсан гарын авлагуудыг ашиглан явуулснаараа онцлогтой юм. Тухайн сургалтад төрийн байгууллагын мэргэжилтэн болон хувийн хэвшлийн төлөөлөл болсон 22 хүн хамрагдсан бөгөөд БХБЯ болон ХНХЯ-ны ХАБЭА-н сургагч багшийн үнэмлэх гэрчилгээг арваннэгдүгээр сарын 25-ны өдөр албан ёсоор гардуулан өглөө.
Ёслолын ажиллагаанд Барилга, хот байгуулалтын яамны Барилга, Барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга, БХБЯ-ны барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг, Барилгын хөгжлийн төвийн дэд захирал М.Ибрай, ХНХЯ-ны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хөгжлийн хэлтсийн дарга З.Бауыржан, ЖАЙКА-гийн Монголд дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга Т.Ёшимүра нар оролцож, үг хэллээ.
Барилгын хөгжлийн төвийн захирал М.Ибрай “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дадлыг бий болгож хэвшүүлэх, барилгын салбарын ажиллагсдын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, Япон улсын хөдөлмөр аюулгүй байдлын жишиг стандартыг нэвтрүүлэх зорилгоор, Барилга, хот байгуулалтын яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн нэг арга хэмжээ болох сургагч багш бэлтгэх семинарыг амжилттай зохион байгуулж дууслаа. Нийт ХАБ-ын сургагч 66 багш бэлтгэгдэхээс эхний 22 багш ийнхүү гэрчилгээгээ авч байгаад баяр хүргэе” гэв.
БХБЯ-ны Барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга хэлсэн үгэндээ “Багш нарын хувьд барилгын салбарт анхдагч үндэсний хэмжээний багш нар болж байгаагаараа онцлог юм. Хөдөлмөрийн аюулгүй байдал талаасаа мэргэшсэн, нөгөө талдаа сургагч багшаар мэргэшсэн төлөөлөл бэлтгэгдлээ” хэмээн онцлов.