Барилгын хөгжлийн төвийн хамт олон “Инээдэг байшин” ТББ-ын хандивын аянд нэгдлээ
Барилгын хөгжлийн төвийн хэлтсүүдийн дунд тогтмол зохион байгуулагддаг “Хэлтсийн долоо хоног” аяны хүрээнд Барилгын хөгжлийн төвийн нийт ажилтан, албан хаагчид “Инээдэг байшин” төрийн бус байгууллагын “Хандивын хайрцаг” аянд нэгдлээ.
“Инээдэг байшин” төрийн бус байгууллага нь “ТАНЫ ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙГАА ЭД ЗҮЙЛС ХЭН НЭГНИЙ ХЭРЭГЛЭЭ, ГОЁЛ БОЛДОГ” уриатайгаар үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд хандиваар цугласан эд зүйлсийг зорилтод бүлгийн хүмүүст өгдөг байна.
Барилгын хөгжлийн төв нийт 160 гаруй ажилтантай бөгөөд энэхүү сайн үйлсийн аянд хамт олноороо идэвхтэй оролцож, 200 гаруй уут бэлгийг хандивлалаа. Хандивын арга хэмжээнд “Инээдэг байшин” төрийн бус байгууллагын зөвлөлийн гишүүн Ж.Ариунболор оролцож, хэлсэн үгэндээ “Хүмүүс манай байшингаар үйлчлүүлээд өөрт хэрэгтэй байгаа эд зүйлээ аваад, инээгээд гараасай гэдэг үүднээс “Инээдэг байшин” гэдэг нэр өгсөн юм. Манай байгууллагын үйл ажиллагааг дэмжиж, сайн үйлсийн аян зохион байгуулж оролцсон Барилгын хөгжлийн төвийн нийт хамт олонд баярлалаа” хэмээлээ.