Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
Ихэнх нутгаар энэ сарын 23-наас хүйтний эрч чангарна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв.
2021 оны 12 дугаар сарын 22-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 22-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи 22, 25-нд нутгийн зүүн хэсгээр, 23-нд говь, тал, хээрийн нутгаар, 24-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
23-наас хүйтний эрч чангарч Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.