ЦЕГ: Шөнийн эргүүлээр хүчирхийллийн эрсдэлтэй айл, өрхөд ХЯНАЛТ ТАВЬЖ БАЙНА
Цагдаагийн Ерөнхий газраас нийтийн хэв журам, аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр шөнийн эргүүлийг тогтмол ажлуулж байгаа билээ. Энэ хүрээнд гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, эрсдэлтэй айл, өрхүүдэд давхар хяналт тавин ажиллаж байна. Өнгөрсөн шөнийн хувьд (12 дугаар сарын 19) гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлтэй бүртгэлд хамрагдсан 21 айл, өрхөд хяналт тавьжээ.
Мөн шөнийн эргүүлээр Сүхбаатар дүүрэгт мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан нэг этгээдийг олж илрүүлэн, Нийслэлийн Засаг даргаас тогтоосон цагийн хязгаар зөрчсөн болон 21 насанд хүрээгүй хүнд архи, согтууруулах ундаагаар үйлчилсэн зэрэг 19 зөрчлийг илрүүлжээ.
Энэ хугацаанд 32 иргэнд зөвлөн тусалж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй 12 хүнийг ар гэр, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн байна.
Цагдаагийн байгууллагаас ийнхүү шөнийн эргүүлийг гарган ажиллаж буйд иргэд, оршин суугчид талархалтай хүлээн авч байгаагаа илэрхийлсээр байна.
Эх сурвалж: Нийслэлийн Цагдаагийн Удирдах газар
|