ЦЕГ: “Цагдаа, иргэний харилцааны менежментийг сайжруулах нь” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалт үе шаттай зохион байгуулагдаж байна
Цагдаагийн Ерөнхий газраас (ЦЕГ) иргэд, олон нийттэй харилцдаг алба хаагчиддаа зориулан “Цагдаа, иргэний харилцааны менежментийг сайжруулах нь” сэдэвт сургагч багш бэлтгэх загвар сургалтыг үе шаттай зохион байгуулж байна. Эхний ээлжинд сургалтанд Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын хэв журам, олон нийттэй харилцах тасгийн алба хаагчид болон тээврийн цагдаагийн албаны алба хаагчид тус тус хамрагдлаа.
Энэ удаагийн сургагч багш бэлтгэх загвар сургалтанд жагсаал, цуглааны үеэр үүрэг гүйцэтгэдэг, замын хөдөлгөөнд зохицуулалт хийдэг алба хаагчдаас сонгон оролцуулж, онол, практик хосолсноороо онцлог байв.
“Цагдаа, иргэний харилцааны менежментийг сайжруулах нь” сэдэвт сургалтаар хүний эрхийн тухай, иргэдтэй зөв харьцах, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй харилцах техник, хохирогчтой харилцах тактик, арга зүй, цахим орчин дахь мэдээллийн урсгал, харилцааны ур чадвар, эерэг хандлагыг төлөвшүүлэх, мэдээллийн технологийн хувьсал, хөгжил, крипто валютын тухай, жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэглээ, хүний бичиг баримт шалгах, үзлэг хийх ажиллагаа дахь хууль, тогтоомжийн хэрэглээ, ажлаас халшрах хам шинж, стресс менежмент болон тодорхой нөхцөл байдалд сэтгэл зүйгээ хянах, удирдах чадварыг нэмэгдүүлэх цогц сургалтууд багтжээ. Түүнчлэн ЦЕГ-ын хэв журам, олон нийттэй харилцах алба, ТЦА-ны чиглүүлэгч багш нар бодит кэйс дээр тулгуурлан дүн шинжилгээ хийн, зөрчлийн тухай хуулийг хэрэглэх талаар багц хичээлүүдийг орсон нь үр дүнтэй байв.
ЦЕГ-ын даргын зүгээс сургалтанд идэвхтэй оролцсон алба хаагчдад зориулан талархал илэрхийлснийг НЦУГ-ын дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал оролцогчдод гардуулсан юм. Уг талархалд “Цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэх үедээ хуулийн дагуу ажиллах, иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй харилцах арга, техникийг эзэмших, сэтгэл зүйгээ хянах зорилгоор зохион байгуулагдаж буй “Цагдаа, иргэний харилцааны менежментийг сайжруулах нь” сэдэвт сургалтанд идэвхтэй оролцсон сургагч багш Танд талархаж, цагдаагийн байгууллагын цог жавхаа, сүр хүчийг өндөрт мандуулж явахыг хүсэн ерөөе” гэжээ.
Сургалтанд хамрагдсан алба хаагчдын зүгээс цаг үеэ олсон, хэрэгтэй сургалтыг зохион байгуулж буй ЦЕГ-ын удирдлагууд болон ЦЕГ-ын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтэс, Урьдчилан сэргийлэх хэлтсийн хамт олонд, сургагч багш нартаа талархаснаа илэрхийлсэн юм.
Эх сурвалж: гэрэл зургийг mpa.mn
|