ШӨНИЙН ЭРГҮҮЛ : Хар тамхины хэргээр эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БАРИВЧИЛЖЭЭ
Нийслэлийн Цагдаагийн Удирдах газраас шөнийн эргүүл гарган гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр тогтмол хяналт, шалгалт хийж байгаа билээ.
Энэ хүрээнд цагдаагийн байгууллагаас гарсан шөнийн эргүүл үүрэг гүйцэтгэх хугацаандаа (12-р сарын 15-ны шөнө) ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар болон Увс аймгаас эрэн сурвалжлагдаж байсан ГЭМТ ЭТГЭЭДҮҮДИЙГ ОЛЖ, ТОГТООЖЭЭ.
Мөн гэр бүлийн хүчирхийлэл дахин давтан үйлдэж болзошгүй, архины хамааралтай, гэртээ бүлэг бөөгнөрөл үүсгэдэг иргэдийн хаяг, байршилд хяналт тавьж, хууль, эрх зүйн зөвлөгөө өгч, хохирогч, хүүхдийн аюулгүй байдлыг шалгаж ажилласан байна. Цагдаагийн байгууллагаас 12-р сарын 15-ны шөнө нийт 23 зөрчил илрүүлж, зөрчил гаргасан, гэр бүл, үр хүүхдэдээ хүчирхийлэл үйлдэж болзошгүй 5 хүнийг эрүүлжүүлэх байранд хүргэж, 48 иргэнд зөвлөн тусалж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй 22 хүнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.
Цагдаагийн байгууллагаас ийнхүү гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор урьдчилсан ажлуудыг тогтмол хийж байгаад иргэд, олон нийт талархалтай байгаагаа цахим орчинд илэрхийлжээ.
НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН УДИРДАХ ГАЗАР