ЦЕГ: шөнийн эргүүлээр гэр бүлийн хүчирхийлэл давтан үйлдэж болзошгүй 14 иргэний ХАЯГ, БАЙРШИЛД хяналт тавьж, хохирогчийн аюулгүй байдлыг ШАЛГАЖЭЭ
Нийслэлийн цагдаагийн удирдах газраас шөнийн эргүүл гарган гэр бүлийн хүчирхийлэл дахин давтан үйлдэж болзошгүй иргэдийн хаяг, байршлаар нь хяналт тавьж ажиллаж байгаа билээ. Өнгөрсөн шөнийн хувьд буюу 12 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө нийт 14 иргэний хаяг, байршилд хяналт тавьж, хохирогчийн аюулгүй байдлыг шалгаж ажилласан байна.
Энэ хугацаанд зөрчил гаргасан гэр бүл, хүүхдэдээ хүчирхийлэл үйлдэж болзошгүй 3 хүнийг эрүүлжүүлэх байранд хүргэж, 52 иргэнд зөвлөн тусалж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй 19 хүнийг ар гэр, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, эргүүлийн чиглэлийн дагуу гэр бүлийн хүчирхийлэл дахин үйлдэж болзошгүй 14 иргэний гэрийн хаягаар хяналт тавьж, хууль эрх зүйн зөвлөгөө өгч, хохирогчийн аюулгүй байдлыг шалгасан байна.
Түүнчлэн цагдаагийн байгууллагын шөнийн эргүүл нь өнгөрсөн шөнө Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газарт дээрмийн гэмт хэрэгт мөрдөн шалгагдаж, оргон зайлсан этгээдийг олж тогтоон, Монгол Улсын хууль тогтоомж, Нийслэлийн Засаг даргын захирамж зөрчсөн нийт 20 зөрчлийг илрүүлжээ.
Хүйтний эрч чангарч, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн иргэд гудамж, талбайд осгох, хөлдөх эрсдэл үүсч байгааг харгалзан архи, согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлахыг цагдаагийн байгууллагаас уриалж байна.
Цагдаагийн байгууллагаас ийнхүү шөнийн эргүүлийг тогтмол гарган, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаж байгаад иргэд, олон нийт талархалтай байгаагаа илэрхийлсээр байа.
Эх сурвалж: Нийслэлийн Цагдаагийн Удирдах газар
|