Прокурорын байгууллага эрүүгийн 405 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2021 оны 12 дугаар сарын 06-наас 10-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 233 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 406 даалгавар бичгээр өгсөн байна.
Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 27 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад 8 шаардлага тус тус бичиж хүргүүллээ.
Түүнчлэн мөрдөн байцаалтын 2386 хэрэгт хяналт тавьж, 405 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. Тухайлбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 185, Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 134, Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 16, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 13, Авлигын гэмт хэрэг 7-г шүүхэд шилжүүлжээ.