“Дотуур байр-Хүүхэд хамгаалал” сэдвийн хүрээнд үндэсний хэлэлцүүлэг зохион байгуулж байна
“Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл нь Монголын хуульчдын холбооны Хүүхдийн эрхийн дэд хороо болон “Хил хязгааргүй хуульчид” ТББ хамтран 2021 оны 12 дугаар сарын 14-ны өдөр “Дотуур байр-Хүүхэд хамгаалал” сэдвийн хүрээнд МУИС-ийн Номын сангийн 502 тоот танхимд үндэсний хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Хүүхдүүд жил бүр ойролцоогоор 9 сарын турш, 260 гаруй хоногийг эцэг, эхийн асрамж халамжаас хол амьдарч байгаа нь төрийн зүгээс анхаарах шаардлагатай чухал асуудал юм. Монгол Улсын хэмжээнд 2020-2021 оны мэдээгээр 540 дотуур байранд 35000 хүүхэд амьдарч, хөгжиж байна. Зөвхөн хөдөө, орон нутаг төдийгүй Улаанбаатар хотод 2 тусгай сургуулийн дотуур байр, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдын дотуур байр зэрэг байршил, орон зайгаас үл хамааран сурах, хөгжих үндсэн эрхээ эдлэхийн тулд хүүхдүүд дотуур байранд амьдарч байна. Гэхдээ энэ тоон мэдээнд МСҮТ-ын дотуур байр, түүнд амьдардаг хүүхдүүдийн тоо ороогүй, мөн дотуур байранд амьдрахаар хүсэлт өгсөн 3000 хүүхдийг дотуур байраар хангаж чадаагүй байна.
Дотуур байрны хүүхэд гэх ойлголт нь бидний нүүдлийн соёл иргэншил, эрхэлж байгаа аж ахуйтай салшгүй холбоотой, зайлшгүй байх шаардлагатай боловсролын тогтолцоо бөгөөд уг асуудлыг олон жил бодлогын гадна орхисноос үүдсэн хэд хэдэн ноцтой хэрэг сүүлийн үед гараад байна. Энэ нь хүүхдийн сурч боловсрох, хүүхдийн эрүүл аюулгүй амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг бүрэн хангаж чадаж байгаа эсэхэд иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын анхаарлыг татаж байна.
Одоогоор хүчин төгөлдөр үйлчилж буй Боловсролын тухай хууль, Бага дунд боловсролын тухай хуульд дотуур байрны асуудлыг хангалттай зохицуулаагүй бөгөөд дотуур байран дахь хүүхдийн эрхийн хамгаалал нь Боловсролын салбарын хариуцах асуудал уу эсвэл Хүүхдийн эрхийн байгууллагын асуудал уу гэдэг нь ч эргэлзээтэй, тодорхойгүй явж ирсэн. Тиймээс шийдвэр гаргач нарын төлөөллийг оролцуулан уг асуудлыг “салбар дундын асуудал” гэж орхигдуулалгүй, хууль тогтоомжоор нарийвчлан зохицуулж хүүхдийн өмнө хэн үүрэг хүлээгч болохыг зайлшгүй тодорхойлох шаардлагатай юм.
Уг хэлэлцүүлэг нь дотуур байранд амьдарч буй хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулахад үндэслэл нотолгоо цуглуулах, холбогдох санал, зөвлөмж боловсруулах, төрийн байгууллага, шийдвэр гаргагч нарт хүргүүлэх, Боловсролын тухай багц хуулийн төсөлд санал хүргүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн үзэж байна.
Дотуур байранд эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх, хүүхдийн эрх хамгааллын асуудлуудыг нэн даруй шийдвэрлэх нь хүний эрхийн зөрчлөөс сэргийлэх өндөр ач холбогдолтой хэмээн иргэний нийгмийн байгууллагууд бид үзэж байна. Мэдээ мэдээлэл бэлтгэх сэтгүүлч, хэвлэл мэдээллийг байгууллагуудыг урьж байна.