УЕПГ: Шинээр томилогдсон прокуроруудыг чадавхжуулах, анхан шатны сургалт боллоо
Улсын Ерөнхий прокурорын газраас шинээр томилогдсон прокуроруудыг чадавхжуулах, мэргэжлийн ур чадварыг сайжруулах зорилгоор “Прокурорын анхан шатны сургалт”-ыг 2021 оны 12 дугаар сарын 08-наас 10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Сургалтад аймаг, дүүргийн болон сум дундын прокурорын газруудын нэг жил хүртэл хугацаанд ажиллаж байгаа 48 прокурор оролцож, хяналтын ажлын чиглэлүүдээс гадна хувь хүний хөгжлийн талаарх сэдвүүдээр зөвлөгөө мэдээлэл авсан юм.
Дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлын улмаас сүүлийн жилүүдэд прокурорын анхан шатны сургалт явагдаагүй бөгөөд энэ удаагийн сургалт халдвар хамгааллын дэглэмийг баримтлан танхимаар зохион байгуулагдлаа.
Гурван өдөр үргэлжилсэн тус сургалтад хамрагдсан нийт прокуроруудад Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн дарга, Хууль зүйн ухааны доктор Б.Бат-Орших сертификат гардуулан өгч, цаашдын ажилд нь амжилт хүслээ.