Засгийн хуралдаанаас гаргасан ШИЙДВЭРҮҮД

2021 оны 12 сарын 08

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арванхоёрдугаар сарын 8-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.


 Нийслэлийн 73 байршилд 182 зууханд 130 мянган тн түүхий нүүрс түлж байна

 Агаарын бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд танилцуулж, танилцуулгатай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо.

Агаар бохирдуулах эх үүсвэр тус бүрээс бохирдуулагч бодисын хаягдлын тооцоо судалгааг хийж, агаарын бохирдолд эзлэх хувийг тодорхойлсон дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.  

2022 оны тавдугаар сарын 15-наас түүхий нүүрс болон хагас боловсруулсан нүүрс хэрэглэхийг хориглосонтой холбогдуулан эрчим хүчний тусгай зөвшөөрөлтэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын усан халаалтын зуух, технологийн зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын уурын зуухны эх үүсвэр тус бүрт авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар судалж, дүнг танилцуулахыг даалгав.

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд Налайх дүүргийг нэмэхтэй холбогдуулан 2022 онд “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр боллоо. 

2021 оны арваннэгдүгээр сарын байдлаар нийслэлийн 73 байршилд 182 зууханд 130 мянган тн түүхий нүүрс хэрэглэж байна. 

Халаалтын зуухыг буулгаж, хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбох байгальд ээлтэй технологиор шийдэж агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 2022 онд төвлөрсөн дулаан хангамж, цахилгаан болон хийн халаалтад шилжүүлж, сайжруулсан түлш хэрэглэж, техникийн шийдлийг өөрчилснөөр 120 мянган тн түүхий нүүрсний хэрэглээг зогсооно. Ингэснээр агаарт хаягдах PM10 тоосонцрын хэмжээ 1900 тн, хүхэрлэг хийн хэмжээ 570 тонноор буурах юм.

Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх багц хуулийн төслийг боловсруулж байна

Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх багц хуулийн төслийг боловсруулах ажлыг шуурхайлахыг төсөл боловсруулах Ажлын хэсэгт даалгаж, ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад үүрэг болголоо. 

Төрийн бүтээмж, боомт, эрчим хүч, Улаанбаатар хотын автозамын түгжрэл, аж үйлдвэржилт, байгалийн нөөц гэсэн асуудлууд өнөөгийн Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг хязгаарлаж буй хүчин зүйлс болж байна. Эдгээр хязгаарлагч хүчин зүйлсийг “Шинэ сэргэлт”-ийн бодлогын хүрээнд шийдвэрлэж сүүлийн 10 жилд тасралтгүй буурсан ажиллах хүчний оролцоо болон бүтээмжийг сайжруулах цогц арга хэмжээнүүдийг цаг алдалгүй хэрэгжүүлснээр эдийн засаг сэргэж, тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтийг бий болгоно гэж үзэж байна.

Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх багц хуулийн төслийг боловсруулах ажил нь “Шинэ сэргэлт”-ийн бодлогыг хэрэгжүүлэх үндсэн арга хэрэгслийн нэг юм.

 Товч мэдээ
 

  • Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн асуудлыг судалж шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бараа, үйлчилгээний инфляцад үзүүлэх нөлөөллийг бууруулах арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгов.
     
  • Коронавируст халдварын эсрэг вакцижуулалтын явц: Манай улсын нийт хүн амын 70 хувь нь нэгдүгээр тунд, 66 хувь нь хоёрдугаар тунд, 24 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байна. Дархлаа сэргээх нэмэлт тун буюу гуравдугаар тунд иргэдийг хамруулах ажлыг эрчимжүүлэхийг хуралдаанаас өгчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
2
633247
5 эможи

keyboard_arrow_up