Омикроны тархалт өндөр байгаа улсаас ирсэн иргэдийг тусгаарлана
Коронавируст халдварын шинэ хувилбар болох “Омикрон” вирус нийгэмд нь тархсан, хяналтгүй алдсан дараах 11 улсаас ирж байгаа гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй, өөрийн улсын иргэдийг 10 хоног тусгаарлах шийдвэрийг УОК-оос гарган мөрдүүлж байна.
Үүнд:
- Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс,
- Ботсвана,
- Эсватини,
- Лесото,
- Намиби,
- Замби,
- Ангол,
- Малави,
- Мозамбик,
- Зимбабве,
- Нигер улс багтаж байна.
Харин бусад улс орнуудаас ирж байгаа иргэдээс түргэвчилсэн болон PCR шинжилгээ авч, хариу нь сөрөг гарсан тохиолдолд бүртгэлжүүлж, гэрийн тусгаарлалтанд байхыг сануулан, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллаж байна.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд, иргэд оршин суух болон гэрийн хаягаа буруу бичсэн, хаягийн тодотгол хийхэд тухайн хаягтаа байгаагүй зэрэг зөрчил нийтлэг илэрч байна. Иймд иргэд тухайн асуумжийн дагуу мэдээллээ үнэн зөвөөр хариулж, оршин суух газар болон гэрийнхээ хаягийг тодорхой бичихийг анхааруулж байна.
Хэрэв буруу бичсэн тохиолдолд Эрүүгийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх заалттайг сануулж байна. Цаашид цаг хугацаа, нөхцөл байдлаас шалтгаалан улс орнуудын жагсаалтад өөрчлөлт орох бол албан мэдээллийг тухай бүрт хүргэнэ гэж УОК-ын нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.