ТАБ төсөв захирагчдад өгсөн акт, албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтээ үнэллээ

2021 оны 12 сарын 07

Үндэсний аудитын газраас төсвийн ерөнхийлөн захирагчдын 2021 оны санхүүгийн тайлангийн аудитын нээлтийг хийж, Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны санхүүгийн тайлангийн аудитаар тогтоосон төлбөрийн акт, албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийн дүнг танилцуулах арга хэмжээ зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Я.Сарансүх төрийн аудитын байгууллагаас өгсөн зөвлөмжүүдийг судалж, алдаа зөрчлөө давтахгүй байхад анхаарахыг хүсч, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэгт 2020 оны аудитаар тогтоосон төлбөрийн акт, өгсөн албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийн дүнг гардуулан өгсөн юм.

2020 оны санхүүгийн тайлангийн аудитаар тогтоосон төлбөрийн акт, албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийн дүнг Аудитын хоёрдугаар газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг танилцууллаа. Төрийн аудитын байгууллага Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны санхүүгийн тайлангийн аудитаар 89 төлбөрийн акт, 210 албан шаардлага, 332 зөвлөмж өгсөн. Үүнээс 77 төлбөрийн акт, 181 албан шаардлага, 300 зөвлөмжийн хэрэгжилтийг тус тус авч үзэн үнэлсэн. Тэгвэл аудитаар өгсөн 266.0 сая төгрөгийн төлбөрийн актын биелэлт 38,7 хувьтай буюу хангалтгүй байгаа аж.

Аудитаар хүргүүлсэн 145,428.2 сая төгрөгийн 181 албан шаардлагаас бүрэн хэрэгжүүлсэн 116, хэрэгжих шатандаа 44, огт хэрэгжээгүй 18, хугацаа болоогүй 3 албан шаардлага 74,5 хувийн биелэлттэй байна. Аудитаар өгсөн 300 зөвлөмжөөс 234 нь бүрэн хэрэгжиж, 50 нь хэрэгжих шатандаа, 16 нь огт хэрэгжээгүй буюу 79,4 хувьтай гарсан. Ковид-19 цар тахалтай холбоотой ЭМЯ-ны бэлтгэсэн хөрөнгийн өртөг, бүртгэл зарцуулалтыг үнэн зөв бүртгээгүй, цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, улаан бүсэд ажилласан эмч, эмнэлгийн ажилтнуудад цалин хөлс, нэмэгдэл, илүү цагийн ажлын хөлсийг бодитой тооцдоггүй нийтлэг алдаа зөрчил байгаа аж.

Үүний зэрэгцээ дээр дурдсан асуудлыг анхаарахаас гадна төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяа газруудын акт, албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг бодитой үнэлж, Үндэсний аудитын газарт нотлох баримтын хамт хавсарган ирүүлж байх шаардлагатайг зөвлөсөн юм.

 

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633229
0 эможи

keyboard_arrow_up