Н.Түвшинбаярын хэргийг дахиад шүүхэд шилжүүллээ

2021 оны 12 сарын 07

Хөдөлмөрийн баатар, олимпын аварга, улсын заан Н.Түвшинбаярт холбогдох хэрэгт Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн нэмэлт ажиллагаа хийж дуусгаад тус дүүргийн Прокурорын газарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлээд байв.

Тэгвэл прокурор яллах дүгнэлтээ бичиж, Н.Түвшинбаярт гардуулан харьяалах дүүргийн шүүхэд хүргүүлснийг баттай эх сурвалжууд мэдээллээ. Улсын начин Э.Энхбатын төрсөн дүү нь энэ хэрэгт хохирогчоор тогтоогдон тайлбар, мэдүүлэг өгч, оролцож яваа бөгөөд түүний өмгөөлөгч нарт ч хэргийг шүүхэд шилжүүлж буйг мэдэгдсэн сурагтай.

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Н.Түвшинбаярт Эрүүгийн хуулийн 11.1-2 дахь хэсэгт заасан хүний биед санаатай хохирол учруулах гэмт хэргийг бие махбодын зовуурь үүсгэж, зэвсгийн чанартай зүйл ашиглан үйлдсэн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм байна. Өөрөөр хэлбэл, 5-12 жил хорих ялтай зүйл заалтаар түүнийг буруутгаж, яллаж буй гэнэ.

Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаяр энэ оны дөрөвдүгээр сарын 2-ны 20.30 цагийн үед Хан-Уул дүүргийн I хорооны нутаг, “Наяд” төвийн 905 тоот өрөөнд согтуудаа нутаг нэгт, жүдо бөхийнх нь бэлтгэлийг хангахад гол нөлөө үзүүлж, дэмжиж ирсэн Монгол Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг архины шилээр зодон гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл учруулсан билээ.

Түүнд холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийнхэн өнгөрсөн есдүгээр сарын 24-нд яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлж прокурорын хяналтад хүргүүлээд байсан ч шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааснаас ийнхүү дахиад гэм бурууг нь дэнслүүлэхээр шилжүүлээд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
3
confuse an post
1
angry an post
4
633206
12 эможи

Зочин
2021-12-07 11:59
Энэ хүний сэвтүүлсэн Монгол улсын Хөдөлмөрийн баатар цолыг шууд хураах ёстой .Бусдад үлгэр болгоё
keyboard_arrow_up