Нийслэлд өнгөрсөн 7 хоногт гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл 0.8 хувиар ихэсжээ
Цагдаагийн байгууллагын дуудлага, мэдээллийн “E.C.System” программ энэ оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 5.00 цагаас 12 дугаар сарын 6-ны өдрийн 5.00 цаг хүртэлх хугацаанд 8204 дуудлага, мэдээлэл хүлээн авчээ. Энэ нь өмнөх 7 хоногийн мөн үеийнхтэй харьцуулахад 62 нэгжээр буюу 0.8 хувиар өссөн байна.
Дуудлага, мэдээллийг төрлөөр нь авч үзвэл, гэмт хэргийн шинжтэй дуудлага 6,4 хувь, зөрчлийн шинжтэй дуудлага 2,6 хувь ихэссэн бол хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй мэдээлэл 131 нэгжээр /12,5 хувь/ буурсан үзүүлэлттэй байна.
Цагдаагийн алба хаагч нар 15 668 дуудлага, мэдээлэл буюу 95,9 хувьд ECS программаар хяналт тавьж, дүүрэг, нэгжид ажиллаж байгаа алба хаагчдад 6375 удаагийн зааварчилгаа өгч, онцлог 536 дуудлага, мэдээллийг шуурхай удирдлага, зохицуулалтаар хангаж 716 иргэнтэй утсаар холбогдож санал хүсэлтийг нь сонсон, зөвлөгөө өгчээ.