УЕПГ: “Прокурор-сэтгүүлч 2021” сургалт боллоо
Прокурорын байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагааг танилцуулах, Эрүүгийн болон Зөрчлийн хуульд заасан аливаа хэргийн талаар олон нийтэд мэдээлэхэд анхаарах асуудлын хүрээнд сэтгүүлчдийг чадавхжуулах, хууль эрх зүйн мэдлэг олгох зорилготой "ПРОКУРОР-СЭТГҮҮЛЧ 2021" сургалтыг 12 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн прокурорын газарт зохион байгууллаа.
Улсын Ерөнхий прокурорын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа энэ удаагийн сургалтыг “Төр, нийтийн эрх ашгийг төлөөлөн хамгаалахад прокурорын оролцоо”, “Мөрдөн шалгах ажиллагааны нууцлал ба мэдээллийн ил тод байдал”, “Зөрчлийн хэрэг үү, эрүүгийн хэрэг үү?”, “Хорих ялаас хугацаанаас өмнө суллахад тавих прокурорын хяналт”, “Гэмт хэргийн талаарх мэдээ, мэдээлэл нийтлэхэд юуг анхаарах вэ?”, “Softskills буюу Зөөлөн ур чадварыг хөгжүүлэх нь” “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг” гэсэн сэдвүүдээр хийлээ.
Сургалтыг Улсын Ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн хяналтын прокурор Ш.Одонсүрэн, Б.Баярхүү, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Т.Оргил-Очир, Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.Эрдэмбилэг, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор У.Золжаргал, Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн хяналтын прокурор, хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа болон “Ханголомт консалтинг”-ийн сургагч багш, лектор Ц.Азбаяр, хууль зүйн ухааны доктор, дэд профессор С.Батзориг нар удирдан явуулсан юм.
Энэ удаагийн сургалтыг ковид-19 цар тахалын хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор цөөн тооны оролцогчтойгоор зохион байгуулсан бөгөөд телевиз, сонин, сайтын 20 орчим сэтгүүлч хамрагдлаа.
Мөн үеэр сэтгүүлчид Сүхбаатар дүүргийн прокурорын газрын үйл ажиллагаатай танилцаж, тус дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Э.Амарбат дүүргийн нутаг дэвсгэр дэх эрүүгийн болон зөрчлийн хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм.
"ПРОКУРОР-СЭТГҮҮЛЧ 2021" сургалтын төгсгөлд Улсын Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх М.Чинбат сэтгүүлчдэд сертификат гардуулан өгч, цаашдын ажилд нь амжилт хүслээ.