Өмнөговийн удирдах албан тушаалтнууд ХЯТАДУУДАД ГАЗАР ЗАРСАН УУ...

2021 оны 12 сарын 01

Arslan.mn

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадрааг Ханбогд сумын эрх бүхий албан тушаалтануудтай нийлж Цагаан хад суурьшлын бүсэд хууль бусаар газар авсан. Түүнийгээ хятадуудад өндөр үнээр худалдсан байж болзошгүй хэрэгт сэжиглэн хууль сахиулагчид шалгаж эхэллээ.

Түүгээр ч зогсохгүй Б.Бадраа, түүний хүү Б.Наранболдын гэрт прокурорын зөвшөөрөлтэй нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн мөнгө, юань, үнэт эдлэл, хууль бусаар хадгалж байсан галт зэвсэг, сум гарсныг эд мөрийн баримтаар хураан авчээ.

Хэдэн жилийн өмнө тус аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа мөн л албан тушаалын хэрэгт холбогдон шалгуулсан, өдгөө ИТХ-ын дарга болсон түүний үйлдэлд хүүгээс нь гадна эхнэр Б.Сайнжаргалыг ч шалгаж байгаа гэх мэдээлэл бий. Өмнөговийн ИТХ-ын дарга Б.Бадраа нарт холбогдох хэрэгт Ханбогт сумын Засаг дарга Х.Нэхийт тэргүүтэй албан тушаалтнуудыг шалгаж, уржигдар буюу арваннэгдүгээр сарын 29-нд гэрт нь болон ЗДТГ-ын албан өрөөнүүдэд нь нэгжлэг хийснийг орон нутгийн хэд хэдэн эх сурвалж мэдээллээ. Ханбогд сум 2020-2021 онд Цагаан хад орчимд гаалийн хяналтын талбай, нүүрс тээврийн компаниудын кэмп байгуулах зориулалтаар их хэмжээний газар олгосон аж.

Ингэхдээ эрх бүхий албан тушаалтнууд өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийн аж ахуйн нэгжүүдэд давуу байдал үүсгэн газар олгож цааш нь дамлан зарсан гэнэ.

Хууль сахиулах байгууллагынхны шалгалтаар Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт болон ЗДТГ-ын бусад гурван албан тушаалтны гэр, ажлын өрөөнөөс бэлнээр 300 гаруй сая төгрөг, их хэмжээний валют хураасан байна. Өмнөговь аймагт газрын наймаа цэцэглэн ханш тогтож нэг га газрыг 100 сая, 10 га газрыг 800 сая төгрөгөөр зарж байж. Уг нь Монгол Улсын Үндсэн хуулийн 6.1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заасан. Гэтэл Өмнөговь аймгийн удирдлага Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчин газраа бараа, таваар мэт зарж борлуулах явдал хавтгайрч, дахиад олгох газар үлдээгүй гэж орон нутгийнхан ярьдаг. Ханбогд, Цагаан хад суурьшлын бүсэд олгосон бүх газрыг шалгаж нягтлан, буруутай хүмүүст нь төрийн төмөр нүүрийг харуулах цаг болсон нь дээрх албан тушаалтнуудын холбогдсон хэрэг илтгэж байна.

Өөр эх сурвалжуудаас авсан мэдээллээр Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраа газар зарж, хууль бусаар олсон мөнгөөрөө Улаанбаатар хотод үл хөдлөх олон хөрөнгө, өндөр үнэтэй автомашинууд худалдан авсан байжээ.

Тиймээс мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, эрх мэдэл албан тушаалаа урвуулсан гэж хуулийн байгууллагынхан үзэж мөрдөн шалгах ажиллагаагаа үргэлжлүүлж буй аж. Улмаар хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд түүний хүү Б.Наранболдыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633096
2 эможи

keyboard_arrow_up