“БЭРЭН ГРУПП“ ХХК-ий захирал Б.МӨНХТӨР хэрхэн мөнгө угаав...

2021 оны 11 сарын 29

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга байсан Ё.Гэрэлчулуун, Төрийн орон сууцын корпорац (ТОСК)-ын захирал асан А.Гантулга, “Могул скай” ХХК-ийн захирал асан Д.Жаргалсайхан зэрэг 11 хүний холбогдсон хэрэгт “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал Бэрэнбаралын Мөнхтөрийг бас яллагдагчаар татсан билээ.

Өмнө нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгийн хэрэгт тэрбээр дуудагдаж байсан нэгэн. Тодруулбал, “Бэрэн групп”-ийн барьсан “Хангай” хотхоноос 123 айлын орон сууцыг тендер зарлалгүй, шууд худалдан авч, улсад 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт З.Баянсэлэнгийг шалгахад түүнийг дуудсан байдаг. Өдгөө З.Баянсэлэнгэ нарын хэрэгт “Бэрэн групп”-ийг иргэний хариуцагчаар татаж, 972.4 сая төгрөг тус компаниас гаргуулахаар нэхэмжилж буй билээ. З.Баянсэлэнгэ нарт холбогдох эрүүгийн 201701000022 дугаартай хэргийг 2018 онд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд 223 айлын орон сууц нь 14 тэрбум 78 сая төгрөгөөр үнэлэгдсэн тул үүний зөрүү болох 915.3 саяыг 159 хоногийн векселийн хүү 57 сая төгрөгийн хамт, нийт 972.4 саяыг “Бэрэн групп” ХХК-иас гаргуулж Сангийн яаманд олгохоор шийдвэрлэж байсан билээ. Уг хэргийн шүүх хурлын үеэр “Бэрэн групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь “Засгийн газраас түрээсийн орон сууцны хөтөлбөр гэж гарсан байдаг.

Үүний дагуу Б.Мөнхтөр захирал Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэтэй уулзаж, “Хангай” хотхоны орон сууцын байраас 223 айлынхыг түрээсийн орон сууцын зориулалтаар худалдахаар болж, гэрээ хийсэн” хэмээн мэдүүлж байв. “Бэрэн групп” ХХК-ийнхан нэг хэргийн иргэний хариуцагчаар татагдсан бол ерөнхий захирал нь өөр нэг хэргийн яллагдагч болоод буй ч шүүх гурван жил гаруйн хугацаа өнгөрөхөд шийдвэрлэж чадаагүй байгаа билээ. Өөрөөр хэлбэл, Э.Бат-Үүл нарт холбогдох хэрэгт Б.Мөнхтөрийг холбогдуулан бусдад хахууль өгсөн, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан, мөнгө угаасан гэх үндэслэлээр НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн юм. Энэ хэргийн талаар дэлгэрүүлэн хүргэе. ТОСК-ыг хохирооход компанийнхаа дансыг ашиглаж дэмжлэг үзүүлсэн гэж буруутгав “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал Б.Мөнхтөрийг буруутгаж буй нэг үндэслэл нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор ТОСК буюу “Орон сууцын санхүүжилтийн корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Гантулгад хахууль өгсөн гэх үйлдэл.

Ингэхдээ А.Гантулгын охины Худалдаа хөгжлийн банкан дахь ам.долларын дансаар дамжуулан 2014 оны нэгдүгээр сарын 14-нд 12 360 ам.доллар буюу 21 сая гаруй төгрөг шилжүүлсэн байна.

Чухам юуны төлөө энэ хэмжээний ам.доллар өгсөн бэ гэдгийг уншигчид сонирхох нь лавтай. “Бэрэн групп” ХХК-ийнхан өөрсдөдөө давуу байдал олгуулахын тулд хахууль өгсөн нь ойлгомжтой. Тус компанийн захирал Б.Мөнхтөр ТОСК-ын захиралтай 2015 оны гуравдугаар сарын 11-нд “Эрх шилжүүлэх, хамтран ажиллах гэрээ” байгуулж, VII хорооллын нутаг дэвсгэрт барьж ашиглалтад оруулах орон сууцын барилга угсралтын ажлын 50-иас багагүй хувьд компанийг нь туслан гүйцэтгэгчээр ажиллуулахаар тохирсныг АТГ-ын мөрдөгчдийн явуулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоосон байна. Мөн оны гуравдугаар сарын 23, дөрөвдүгээр сарын 21-нд Б.Мөнхтөр, А.Гантулга нар “Хангай” хотхоны орон сууцын 10 барилгыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, “Бэрэн групп” ХХК-ийн барьсан 720 айлын байрыг худалдан авч, үнийг нь үл маргах журмаар төлөхөөр тохиролцсон гэдгийг мөрдөгчид тогтоосон аж. Ийнхүү өөртөө болон хамаарал бүхий аж ахуйн нэгждээ давуу байдал олгохын тулд А.Гантулгын охины дансаар дамжуулан хахууль өгсөн хэрэгт нь Эрүүгийн хуулийн 22.5-1 дэх хэсэгт зааснаар НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн байна.

“Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал Б.Мөнхтөрийг буруутгасан өөр нэг үндэслэл нь дээрх хуулийн 22.12-1-ийн хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан гэх үйлдэл. Тодруулбал, ТОСК-ын захирал А.Гантулга, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, түүний хүү, “Гранд лайн” ХХК-ийн захирал Б.Чулуудай нартай бүлэглэн, хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор ТОСК ТӨҮГ-ын хэрэгжүүлж буй “Буянт-Ухаа-2” орон сууцын хороолол барих төслийн ажлыг санхүүжүүлэх зориулалтаар Хөгжлийн банкнаас олгосон 35.5 сая ам.долларын зээлээс есөн тэрбум төгрөг ямар нэг хүү, барьцаагүйгээр шилжүүлэн авсан.

Түүнээсээ “Гранд лайн” руу 5.5 тэрбумыг нь өгч, ТОСК-д хохирол учруулсан гэмт хэргийг төлөвлөн зохион байгуулж, гүйцэтгэхэд өөрийн компанийн дансыг ашиглан дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон гэж буруутгаж буй юм билээ. Үлдсэн мөнгөнөөсөө охин компаниудаа санхүүжүүлэв

“Бэрэн групп”-ийн ерөнхий захирал Б.Мөнхтөрд Эрүүгийн хуулийн 18.6-2.2, 18.6-2.3 дахь хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэргийг албан тушаал, бүрэн эрх, нөлөөгөө ашиглаж, байнга тогтвортой үйлдсэн хэмээн яллах дүгнэлт бичсэн. Тодруулбал, ТОСК-аас шилжүүлсэн есөн тэрбумаас 5.5-ыг нь “Гранд лайн” руу шилжүүлчихээд үлдсэнийх нь эх үүсвэрийг өөрчлөх, нуухын тулд бусдын данс руу шилжүүлсэн гэж яллаж байгаа аж. Хэрхэн зарцуулсан талаар нь товчлон хүргэе. Тухайлбал, 2015 оны наймдугаар сарын 27-нд Л.Пүрэвсүрэн гэх хүний данс руу “паркетан шалны үнэ” гэсэн утгаар 30 саяыг шилжүүлсэн бол 1.7 тэрбум гаруй төгрөгөөр 872 мянган ам.доллар ХААН банкнаас худалдан авсныг мөрдөгчид тогтоожээ.

Уг валютаараа “Бэрэн групп” ХХК-ийн тус банкнаас авсан зээл, хүүг нь төлсөн байна. Түүнчлэн “Бэрэн групп”-ийн охин компани болох “Хөх ган” ХК-ийн ХААН банкан дахь зээлийн төлбөрт 625 саяыг төлсөн бол гүйцэтгэх захирал Ц.Батбаярын зээлийн картын төлбөрт 10 сая, ерөнхий захирлын зээлийн картын төлбөрт 7.9 саяыг өгсөн байх юм. Түүнээс хойш “Булган тамир эрдэнэс” ХХК-д “арматурын үнэ” гэх утгаар 20 сая, “Сант” сургуулийн сургалтын төлбөрт зургаан сая, “Бэрэн лэнд девелопмент” ХХК-д санхүүжилт болгож 25 сая, “Бэрэн секьюрити”-д хамгаалалтын ажлын хөлс хэмээн 16.4 сая, “Гүн тэлмэн” ХХК-д асфальтын төлбөр болгож 157 сая гэх мэтээр шилжүүлснийг мөрдөгчид баримтжуулан авч хавтаст хэрэгт хавсаргажээ. Мөн “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанид цахилгааны төлбөр болгож дөрвөн саяыг өгсөн бол охин компани “Бэрэн металл” ХХК-ийн данс руу санхүүжилт гэж 23.9 саяыг, өөр нэг охин компани болох “Нэхээсгүй эдлэл” ХК-ийн Худалдаа хөгжлийн банкнаас авсан зээлийн төлбөрт 207.3 саяыг шилжүүлсэн баримт ч бий.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633039
1 эможи

Зочин
2021-11-30 10:12
Брэн грүппийн бузар хулгайч
ЗОЧИН
2021-11-29 19:37
БАТҮҮЛ ХУЛХ баатарын удирдлага зохион байгуулалтаас мөн их хулгай хийсэн ДҮР нисгэсэн АРДЧАЛЫН ХУЛИХ ХУЛГАЙЧ ЯЛГҮЙ ӨНГӨРӨХӨӨР ШҮҮХ ХУРЛАА 10 , 20 УДАА ХОЙШЛУУЛЖ ХЭРГИЙН ХУГАЦААГАА ОДОО ДУУСГАЖ БАЙГАА ГЭНЭ ШҮҮХ АРД ТҮМНЭЭР ТОГЛООД ДУУСЛАА .
keyboard_arrow_up