Экологийн асуудал хариуцсан алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдаж байна
Экологийн цагдаагийн албанаас Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар/WWF/, Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь Төлөөлөгчийн газар /ZSL/-тай тус тус хамтран хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий экологийн асуудал хариуцсан алба хаагчдыг мэргэшүүлэх сургалтыг энэ оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Олон Улсын хүүхдийн Найрамдал цогцолборт зохион байгуулж байна.
Тус албанаас алба хаагчдынхаа мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэхэд онцгойлон анхаарч гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллага, хууль сахиулах чиг үүрэг бүхий бусад байгууллагуудтай хамтран сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд нэгдсэн цугларалт сургалтыг анх удаагаа зохион байгуулж байгаараа онцлог юм.
Сургалтыг Экологийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Ш.Цогбаатар нээж, амжилттай эхлүүллээ.
Энэхүү сургалтыг зохион байгуулснаар алба хаагчдын хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын ур чадвар дээшилж, энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах, илрүүлэлтийг ахиулах ажилд ахиц гарах ач холбогдолтой билээ.