Арван жилийн дараа ч авдаг нь өөрчлөгдөөгүй Оюу толгойн Монголчууд

2021 оны 11 сарын 25

Оюутолгой дахь монгол, гадаад ажилчдын цалингийн зөрүүний тухай маргаан өнгөрсөн амралтын өдрүүдээр цахим орчинд өрнөлөө. Муу л бол хойд хар овоохой гэгчээр монгол ажилчдын цалин бага байгаа нь үнэн хэмээсэн тал адлагдаж, гаднын өндөр ур чадвартай мэргэжилтнүүд илүү цалин авч, манайхны арав дахин бага цалин зүй ёсны хэмээж байна билээ. Энэ дунд “Монгол Улсад дундаж цалин 300 ам.доллар”, Австралид 3000 ам.доллар буюу арав дахин их байгаа. Уул уурхай бол бүр өндөр. Австрали хүнийг Австралид авах байсан цалинг нь өгч байж л Монголд ажиллуулж таарах байх даа” гэсэн жиргээ таарав. Энэ зүй тогтол ёсоор харвал “Рио Тинто”-гийн Зэсийн группийн захирал болж очсон Б.Болдод маань арай Монголд “авах ёстой” цалинг нь өгөөд, хүчир ажил хийлгэж байгаа юм биш байгаа даа гэж хардмаар.

Энэ бүх хэлэлцүүлэг Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах Засгийн газрын Ажлын хэсгийн гишүүн, Хуул зүй, дотоод хэргийн сайд Б.Солонгоогийн жиргээнээс эхтэй. Тэрбээр “Оюутолгой төслийн нийт ажилтны 96% монгол ажилтнууд. Гэхдээ нийт цалингийн зардлын 60 хувийг монгол ажилтнууд авдаг. 4% бүрдүүлдэг гадаад ажилтнууд нийт цалингийн зардлын 40 хувийг авдаг. Гадаад ажилтан монгол ажилтантай харьцуулахад 10 дахин их цалин авдаг” гэсэн юм.

Ур чадвар, мэдлэг туршлагын хэрээр цалин урамшууллын хэмжээ тооцогдох ёстой нь гарцаагүй. Тийм ч учраас Оюутолгойн бүтээн байгуулалт эхэлсэн он жилүүдэд гадны мэргэжилтнүүдийг бидэнтэй адил 300 ам.доллараар цалинжуул гэж хэн ч барьцаж байгаагүй. Одоо харин ярих цаг болсон. Бүхэл бүтэн арван жил өнгөрчихөөл байхад аанай л монгол болохоороо хөдөлмөрөө арав дахин бага үнэлүүлж байгаадаа бид алга ташаад сууж боломгүй. Монгол бол уул уурхайн үйлдвэрлэлтэй зөвхөн Оюутолгойгоор л анх дамжуулж танилцсан хоцрогдсон омгийнхон байгаагүй. Энд яригдаж буй арван жилийн хугацаагаар хэмжигдэхгүй  туршлага, ур чадвар, мэргэшсэн мэргэжилтнүүд байсаар ирсэн. “Оюу Толгой” Монголд арван жил үйл ажиллагаа явуулахдаа төдий хэмжээний чадалтай дотоодын мэргэжилтэн бэлдчихэж болоогүй гэж үү? Зөвхөн гаднын мундаг мэргэжилтнүүдэд өндрөөс өндөр цалин өгөхөөс аргагүй байсан хэрнээ одоог хүртэл гүний уурхайн бүтээн байгуулалт хойшилсоор буйн шалтгаан юу вэ?

Оюутолгойн гүний уурхайн байгуулалтын зардал анх баталснаас 1 тэрбум 450 сая ам.доллараар нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилсон. Энэ хугацаа дахин нэмэгдэж одоо бүр 2023 оны эхний улирал гэсэн тов гараад байгаа. Энэ бүхний шалтгааныг “Рио Тинто” компанийн зүгээс “Урьдчилан тааварлах боломжгүй геотехникийн нөхцөл байдал буюу гүний уурхайн чулуулгийн онцлогоос болж зардал хэтэрлээ” гэсэн хариу өгч байв. Гэвч “Оюу толгой” ХХК-иас томилсон Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээр дээрх асуудал чулуулгийн нөхцөл байдлаас бус менежментийн алдаатай бодлоготой холбоотой болох нь илэрсэн.

Хамгийн хачирхалтай нь “Рио Тинто” компани өмнө нь “Оюутолгой” төслийн гүний уурхайн зардал 1.45 тэрбум ам.доллараар хэтрэхэд хөрсний чулуулаг болон монгол ажилтнуудтай холбоотой зардал өндөр байсан гэсэн хариу тайлбар Засгийн газарт өгч байсныг бид эргэн санах хэрэгтэй. Тэдний зүгээс “Financial Times”-д өгсөн мэдээлэлдээ монгол ажилтнуудыг сургахад зарцуулсан мөнгө зардал хэтрэхэд нөлөөлсөн хэмээн олон улсад зарлачихсан. Хэрэв монгол ажилтнуудыг мэргэшүүлэх, ур чадварыг нь нэмэгдүүлэхэд тийм их зардал гаргасан юм бол яагаад цалингийн систем дээр энэ нь харагдахгүй байгаа вэ гэдэг нь асуудал болж байна. Австрали шиг 3000 ам.доллар хүрдэггүй юм аа гэхэд ядаж арван жилийн хугацаанд 50 хувьд нь хүрч, 1500 ам.доллар авч болохгүй гэж үү? Үнэндээ энд ажиллаж байгаа гадаад мэргэжилтнүүд 3000 доллараас хэд дахин өндөр үнээр цалинжиж байгаа нь нууц биш билээ.

“Рио Тинто” Оюутолгой төсөлд ажиллаж буй нийт ажилчдын 90 хувь нь монгол ажилчид байна гэдэг статистикаараа үргэлж бахархаж ирсэн. Гэтэл цалингийн зардал ийм зөрүүтэй байхад 99 хувь боллоо ч ялгаа байхгүй мэт. Монгол хүнийг 300 доллараар ажиллуулж болдог гэсэн бодлоготой бол тэдэнд бүр ч хонжоотой байх нь гарцаагүй билээ.

Монголын ойрын ирээдүй уул уурхайн салбартай салшгүй холбоотой байх нь тодорхой гэсэн мессежийг Оюутолгой бидэнд зарласан нь маргаангүй үнэн. Тэр хэрээр олон монгол залуус уул уурхайн чиглэлээр дотоод, гадаадад суралцаж, олон монгол ээж аав хүүхдүүдээ энэ чиглэлд сургаж, эх орныхоо томоохон бүтээн байгуулалтад оролцуулах, өндөр цалин урамшуулалтай, сайхан ирээдүйтэй золгоно гэж итгэсэн. Гэтэл чи хэчнээн мундаг мэргэжилтэн боллоо ч монгол хүн учраас цалин чинь 300 доллараас хэтрэхгүй гэсэн байр суурийг “Рио Тинто” бодит үйлдлээрээ харуулж байхад олон монгол залуусын хүсэл мөрөөдөл рүү ус цацсанаас ялгаагүй юм.

Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал өсөхөд нөлөө үзүүлсэн гээд буй монгол мэргэжилтнүүдийг сургаж, чадавхжуулахад хэдий хэмжээний мөнгө зарцуулж, ямар үр дүнд хүрсэн болоод тэдний цалин, хангамж цаашид хэрхэх талаар “Рио Тинто” бидэнд тайлбар өгөх цаг нь болсон. Үүнтэй холбоотойгоор мөн монгол хүнээс арав дахин өндөр цалин, хангамж авдаг гаднын мэргэжилтнүүд чухам ямар ямар ажлын байранд, ямар гүйцэтгэлтэй ажиллаж байгааг ч бидэнд ойлгомжтой тайлагнах ёстой.

“Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм энэ өдрүүдэд Монгол Улсад ирээд байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүнийг болон бусад төлөөлөгчдийг нь хүлээж авч уулзсан.

Ингэхдээ гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрч, хугацаа хойшилсон асуудалд “Рио Тинто” компани хариуцлага хүлээж, шаардлагатай нэмэлт зардлыг санхүүжүүлэх ёстойг анхааруулж, төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох өрийг тэглэж, Монгол Улс тус төслөөс ногдол ашиг авах нөхцөлийг бүрдүүлж ажиллах хэрэгтэй хэмээн байр сууриа илэрхийлсэн байна билээ. Мөн байгуулагдсан цагаасаа хойш маргаан дагуулдаг Дубайн гэрээ буюу “Оюу толгой” төслийн Гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг ойрын үед цуцлахад “Рио Тинто” компани анхаарах, цаашид Оюутолгой төслийг харилцан ашигтай, Монголын ард түмний эрх ашигт нийцсэн нөхцөлөөр хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг “Рио Тинто” компанид сануулсан байсан. Энэ бол манай талаас удаа дараа давтан тавьж буй зүй ёсны шаардлага. Зүй ёсных мөн учраас “Рио Тинто”-гийн Гүйцэтгэх захирал яаран ирээд, сандруу уулзаад байгаа хэрэг.

Оюутолгойн бүтээн байгуулалт эхлээд арав гаруй жил боллоо. Маш олон монгол залуус бүтээн байгуулалтад оролцож, тэдний ирээдүй хойчийг залгуулна гэсэн итгэлтэй хүүхэд залуус уул уурхайгаар суралцаж, дэлхийн боловсрол, ур чадварыг эзэмшээд ирж байна. Тэдэнд ижилхэн цалин өгөх, ур чадвар нь бий бол монгол гэдгээрээ хэтэрхий бага цалин авдаггүй байх шударга тогтолцоог бид “Рио Тинто”-гоос улиг болтлоо нэхсээр байх болно.

Гадаад мэргэжилтнүүд л ажиллахгүй бол болохгүй гээд нийт ажилтнуудын дөрвөн хувьдаа нийт цалингийн 40 хувийг өгсөн ч Гүний уурхайн бүтээн байгуулалт хугацаандаа биелсэнгүй. Энэ бол цалингийн бодлого, үр ашгийн тооцоогоо эргэн харах цаг болсныг “Рио Тинто”-д бодит нөхцөл байдал сануулж буй хэрэг. Нөгөө талаас монгол ажилтнуудын ур чадварыг бодитоор үнэлэхгүй, боломжийг нь нугачин дарж буйд тэд ч, бид ч дасал болох ёсгүй. Уул уурхай бол Монголын ч, Монгол хүний ч ирээдүй.

Эх сурвалж: unen.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632978
0 эможи

keyboard_arrow_up